Н.Учрал: Тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд Хувийн тэтгэврийн хуулийг боловсрууллаа

Тэтгэврийн шинэчлэлийг бодлогын түвшинд боловсронгуй хөгжүүлэх ажлын хэсэг өнөөдөр хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг боловсруулж,  УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. 


Энэ үеэр УИХ-ын гишүүн  Н.Учрал: Өнөөдөр тэтгэвэр авч байгаа хүмүүсийн 91 хувь нь 500 мянган төгрөг хүртэл тэтгэвэр авч байгаа бол 80 хувь нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доош тэтгэвэр авч байна. 53 хувь нь 350 мянгаас доош буюу нийт тэтгэвэр авч байгаа нь эмзэг бүлэгт хамрагдахаар байна.


Өнгөрсөн хугацаанд энэ асуудлыг сонгуулийн шоу болгож, сонгууль дөхөхөөр Тэтгэврийн хуулийг санаачилдаг эсвэл насыг нь хойшлуулах байдлаар аргацаасан өөрчлөлтийг хийж чадахгүй. Тиймээс цаашид тэтгэврийг нэмэгдүүлэхийн тулд Хувийн тэтгэврийн хуулийг боловсрууллаа. Өнөөдөр НДШ-д төлж байгаа иргэд НДШ-ийнхээ 17 хувийг Тэтгэврийн даатгалд төлдөг бол  энэ хуулиар 17 хувийн шимтгэлийн 4 хувийг Хувийн тэтгэврийн санд хийх буюу сонголт хийх эрх зүйн зохицуулалт бүрдэх юм. Ингэснээр сая төгрөгийн цалинтай хүн дөрвөн хувь буюу 40 мянган төгрөгийг Хувийн тэтгэврийн сандаа төлнө гэсэн үг. Ингээд хуримтлал бий болж, хүүгээс хүү бодох аргачлалаар бодвол хуримтлал өсөх боломжтой.


Тухайлбал, 800 мянган төгрөгийн цалинтай хүн сард дөрвөн хувийг Хувийн тэтгэврийн санд төлбөл 30 жилийн дараа 76 сая гаруй төгрөгийн хуримтлал үүснэ. Энэ мөнгийг үр хүүхдэдээ өвлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой. Сар бүр 461 мянган төгрөгийн тэтгэвэр бодогдоно гэсэн үг. Тэгэхээр Төрийн тэтгэврийн сангаас авч байгаа 316 мянган төгрөгтэй нийлээд 777 мянган төгрөгийн тэтгэвэр авна гэсэн үг. Одоо бол 17 хувиа төлөөд байгаа мөртлөө 30 жилийн дараа 414 мянган төгрөгийн тэтгэвэр авна.


Хувийн тэтгэврийн сан байгуулагдсаар тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм. Мөн тухайн санд хуримтлал үүсгэсэн иргэн орон сууцны урьдчилгаандаа тус хуримтлалаасаа суутгаж орох боломжийг энэ хуулиар нээж өгнө. Өнөөдөр нийт өрхийн 76 хувь нь хадгаламжгүй, 55 хувь нь өр зээлтэй амьдарч байна гэсэн судалгаа бий.


УИХ-ын гишүүн З.Нарантуяа:  Энэ хууль хоёр том ач холбогдолтой. Нэгдүгээрт, өнөөгийн тэтгэврийн тогтолцоо төлж байгаа тэтгэврийн шимтгэлээр буцаагаад сангаас тэтгэвэр авах эрх нь үүссэн хүмүүс авч байгаа. Харамсалтай нь өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа учраас төлж буй эх үүсвэрээрээ 100 хувь тэтгэврээ олгож чадахгүй улсын төсвөөс нэмэлт зардал гаргадаг. Улсын төсвөөс жилд 600 тэрбум орчим төгрөгийн татаас авдаг. Хэрэв тэтгэврийн шинэчлэл хийхгүй бол дээрх татаас 1 их наяд хүрнэ. Хоёрдугаарт, хувийн тэтгэврийн санг бий болгосноор иргэдэд илүү их боломж, үйлчилгээнүүд нээгдэнэ. Мөн санхүүгийн зах зээлээ хөгжүүлэхэд хувийн тэтгэврийн сан чухал үүрэгтэй" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ