Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлагдлаа

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.13) нэгдсэн хуралдаан 10 цаг 09 минутад эхэлсэн. Хуралдаанаар  “Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан танилцуулав. Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон байна. 

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийн үед Байнгын хорооны ажлын хэсгийн саналаар хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхээр тогтсон.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус үндэслэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахаар уг тогтоолын төслийг санаачилжээ.


Засгийн газрын гишүүн томилогдсоноосоо хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөх; тангараг өргөх өдөр, цагийг Ерөнхий сайдын санал болгосныг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтоох; тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн ёслолын алба хангаж зохион байгуулах зэрэг зохицуулалтыг уг тогтоолын төсөлд тусгажээ.


Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнээр томилсон тухай захирамжийг уншиж танилцуулсны дараа Засгийн газрын гишүүн тангарагийг уншиж Төринй сүлдэнд мэхийн ёсолж, Төрийн далбааны өмнө баруун өвдөг мэхийн сууж адис аван чуулганы танхимын голд байрлуулсан ширээнд сууж, тангарагийн бичигт гарын үсэг зурна. Засгийн газрын гишүүн тангарагийн бичигт гарын үсэг зурж тангарагийг Монгол Улсын Их Хурлын даргад өргөн барьсны дараа Ерөнхий сайд Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулна гэж уг журамд заасан байна.


Байнгын хорооны санал, дүгнэлт, журмын төсөлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 84.8 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ