"Цар тахлыг далимдуулж төсвийн ил тод байдлыг уландаа гишгэж байна"

Европын холбооны комиссоос мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхээс тэмцэх хүрээнд стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу хар жагсаалтад Монгол Улсыг оруулах болсныг зарласантай холбогдуулан Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр мэдээлэл хийлээ.  


Тус намын дарга Б.Найдалаа "Монгол Улс дэлхийн 200 гаруй орноос хамгийн лойцон, хэцүү, харьцах шаардлагагүй гэсэн 10 улсын нэг боллоо. Энэ талаар янз бүрийн мэдээлэл гарч байна. Батлагдаагүй, удахгүй гарна гэх мэтээр тайлбар хэлж байна. Гэвч тийм биш. Энэ бол Монгол Улсыг олон улсын санхүү, бизнес, хөрөнгө оруулалт, хөгжлийн сүлжээнээс тасалж байгаа явдал. Шалтгаан нь юу вэ гэвэл Монгол Улсад авлига, хулгай хэрээс хэтэрч, дарга сайд, төр нь бохир мөнгөний сүлжээнд холбогдсоны нотолгоо юм. Ийм үнэлгээ авсан, хар жагсаалтад орсон Монгол Улс хаашаа ч явахгүй. Өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй авлигын олон хэрэг хар жагсаалтад оруулах шалтгаан болсон. Хуулийн дагуу улсын төсвийг тодотгох ёстой гэж бид олон удаа шаардсан. Гэвч хуулиа зөрчөөд эрх мэдлээ хэтрүүлж, коронавирусээр далимдуулж, төсвийн бүдүүлэг алдаа хийж байна. Үүний цаана хулгайн мөнгө байна гэж олон улс үзэж байна. Тиймээс ХҮН-аас гурван шаардлага тавьж байна. 

  • Нэгдүгээрт, авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг хууль, шүүхийн байгууллагаар таслан шийдүүлж, ажиллагааг эрчимжүүлэх,
  • Хоёрдугаарт, төсвөө тодотго. Цар тахлыг далимдуулж төсөв, санхүүгийн ил тод байдлыг уландаа гишгэж, иргэний нийгмийн хяналтыг үгүйсгэсэн тендергүй шууд худалдан авалтаа зогсоох. Авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг шинээр үүсгэхгүй байх. 
  • Гуравдугаарт, үүсээд байгаа хар жагсаалт, зээлжих зэрэглэлийн уналт, бондуудын төлбөрийн асуудлаар төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, сонгуулийн төсвийг тодотгох зэрэг болно" гэв. 



СЭТГЭГДЭЛ БИЧИХ