Халдвараас хамгаалж, олон дахин ашиглах боломжтой өмсгөл хийжээ
Оросын эмч нарт зориулан Казань хотын химийн эрдэм шинжилгээ-судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд COVID-19-өөс хамгаалдаг олон дахин ашиглах боломжтой хувцас хийснийг “Известия” сонинд мэдээлжээ. Тус хүрээлэн нь “Ростех”, “Росхимзащита” компаниудын охин корпорацид багтдагийг сонинд дурдсан байна.
“Росздравнадзор” буюу эрүүл мэндийн салбарт хяналт тавих албанаас эмнэлгийн хэрэгсэл гэж бүртгээд байгаа уг өмсгөлийг инновацийн тусгай төрлийн даавуугаар хийсэн аж. Уг даавуу нь арав хүртэл удаа ариутгах боломжтой байна. Мэргэжилтнүүдийн хэлснээр одоогоор түүнийг таван удаа ашиглах боломжтой нь нотлогдоод байна.
"Олон дахин ашиглах өмсгөл бий болсноор эмнэлгүүдэд хаягдлын хэмжээг бууруулж, ийм бүтээгдэхүүн хомсдолтой байгаа асуудлыг шийднэ" гэж шинжээчид хэлжээ.
Гуравдугаар сарын сүүлчээр “Ростех”-ийн мэргэжилтнүүд хоёр мянган рублийн (одоогийн ханшаар 78 мянга гаруй төгрөг)-ийн үнэтэй вирусээс хамгаалах хувцас хийсэн юм.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ