Л.Оюун-Эрдэнэ: Яллагдагчаар татагдсан маш олон хүн сонгуульд нэр дэвшиж байна
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ц.Батзандан, Л.Болд, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нар өнөөдөр Улсын ерөнхий прокурортой уулзаж, хэрэг шийдвэрлэх ажлын явцын талаар мэдээлэл авсан байна. Энэ талаар гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Авлига, албан тушаалын хэргийг шалгах ажлын явц, нэг жилийн өмнөхөөс нэлээд өөрчлөгдсөн байна. Хэрэг бүртгэх байгууллага дээр замхарч, хаагдсан байсан хэргүүд задарч, 40 хэрэг болж, дийлэнх нь шүүхэд шилжсэн байна. Монгол Улсын хууль хяналтын байгууллага хэнээс ч хамааралгүй ажиллах ёстой. Хэн нэгнийг хилсээр шийтгэж болохгүй, хэн нэгэн ял завшиж болохгүй гэсэн зарчмаар ажиллах ёстой.
Банк, уул уурхайн компаниуд болон МАНАН бүлэглэлийг тойрсон хууль бус үйлдлүүд үнэхээр бодитой гэдгийг ЗГХЭГ-ын даргаар ажиллах болсон сүүлийн нэг жилийн хугацаанд сайн ойлгож авлаа. Магадгүй би Монгол Улсад хамгийн их мэдээлэлтэй эхний таван хүний нэг байх. УИХ-ын сул гишүүнээр ажиллаж байхдаа энэ бүлэглэлүүдтэй хэн хэн холбоотой вэ гэж боддог байсан. Нэг жилийн дараах миний дүгнэлт бол энэ бүлэглэлтэй хэн холбоогүй үлдсэн бэ? гэдгийг хайх хэмжээнд хүрсэн юм байна. Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой дэглэмийн үед худалдааны ямар компаниуд ажиллаж, хаана ямар үл хөдлөх хөрөнгүүд болсон бэ гэдэг нь ил болсон. Энэ хэргийг Засгийн газар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.
Удахгүй сонгууль болно. Та бүхэн ажиглаад байгаарай. Яллагдагчаар татагдсан маш олон хүн нэр дэвшиж байна. Тэр хүмүүс ард түмнээр дэмжүүлж, ард түмнээр хайрлуулж, энэ долоо хоногийн сүүлчээр нэр дэвших эрхээ авна. Нэр дэвших эрхээ авчихвал хуульд зааснаар тэднийг шалгах боломжгүй болно. Хэрэв УИХ-ын гишүүн болвол дахин дөрвөн жил хэрэг гацна. Тэр дөрвөн жилд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусна шүү дээ" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ