С.Баяр: Бид улсад чухам ямар хохирол учруулсан гэдгийг ил болго
Оюутолгой төслийн гэрээ байгуулахад оролцсон тухайн үеийн өндөр албан тушаалтнуудын холбогдсон хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Өмнө нь буюу тавдугаар сарын 5-ны өдөр шүүгдэгчдийн нэг болох Д.Ганболд шинээр өмгөөлөгч авсан бөгөөд өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулаад байсан юм.
Уг хэрэгт Ерөнхий сайд асан С.Баяраас гадна Д.Ганболд, С.Баярцогт нарын нийт долоон хүн холбогдоод байгаа билээ.
Ерөнхий сайд асан С.Баяр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн талаар "Эхэндээ биднийг хууль бус мөнгө тогтмол олох зорилгоор гэмт бүлэг байгуулсан гэж эрүүгийн хэрэг үүсгэж намайг 60 хоног цагдан хорьсон. Гэтэл шүүхэд шилжүүлэхээсээ өмнө зүйл ангиа хүчингүй болгосон.
Энэ гэрээг байгуулахад 5-6 сайд биечлэн оролцсон. 2015 онд Дубайн гэрээг баталсан гэж би дуулсан. Миний оролцоо тэнд байхгүй. Гэмт бүлэг байгуулсан гэдэг тогтоолоо хүчингүй болгосон хэр нь биднийг гэмт бүлэг мэтээр нэг өрөөнд цуглуулсан нь буруу юм л даа. Энд байгаа хүмүүсийн заримыг нь би мэдэхгүй. Бид хамтраад ч юм уу тус тусдаа ч юм уу ямар нэгэн гэмт хэрэг хийгээгүй атал ингээд байлгаж байгаа нь буруу юм, зүйлчлэлээ зөв гарга гэдэг ерөнхий нэг үндэслэлийн бүгд хэлж байна. Үүнээс гадна жижиг сажиг олон асуудал бий.
Засгийн газраараа мафи болчихсон гэдэг ойлголтыг олон түмэнд түгээчихсэн. Биднийг чухам ямар хэргээр яллаад байгаа, ямар гэмт хэрэг хийсэн, улсад ямар хохирол учруулсан юм гэдгийг ил болгох ёстой. Гэвч улсад учруулсан хохирлын хэмжээ байхгүй. Бид улсыг хохироосон юм бол улсад ийм хэмжээний хохирол учруулсан, би улсыг төлөөлж байна гээд нэг хүн байх ёстой биз дээ. Гэтэл хохирогчгүй хэрэг яваад байна. Хэрэв хохирол учруулсан гэж үзэж байгаа бол хохирогчоо томилох ёстой.
Мөн нотлох баримтууд дээр олон асуудал байна. Энгийн хэллэгээр хэлэх юм бол намайг Оюутолгойн гэрээг байгуулахдаа Петровис компанийн шатахууныг Оюутолгой компанид зах зээлийн үнээс өндөр үнээр, хэрэгцээнээс нь илүү шахсан гэж байгаа юм. Тэр хоёр компани хоорондоо гэрээ байгуулаад, гэрээнд нь өөрчлөлт орсон уу гэдгийг харах маш амарсан. Хэрэв би Ерөнхий сайд байхдаа нөлөө үзүүлсэн бол гэрээний дүн нь Петровис компанид ашигтай болж хувирах ёстой. Тэр нь хаана байгаа юм. Яаж өөрчлөгдсөн, Петровис компани ямар давуу байдалтай болсон. Оюутолгой компаниас огт мэдүүлэг аваагүй. Энэ мэтээр олон асуудал байна. Энэ бол зөвхөн урьдчилсан хэлэлцүүлэг учраас яллагдагч гэж явж байгаа бид тодорхой хүсэлт тавьж байна" гэв.
Мөн тэрбээр Оюутолгойн гэрээний талаар байр сууриа илэрхийлэхдээ "Оюутолгойн гэрээний нэг гол согог нь 34 хувь юм. Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг төр заавал авна гэсэн хуулийн заалттай. Энэ 34 хувийг хөрөнгө оруулагч талтайгаа ярьж байгаад татгалзах ёстой гэж үздэг. Эхнээсээ л гаргаж байгаа зардлын 34 хувийг хуваалцаад явна гэсэн үүргийг бид хүлээж авсан.
Жишээ нь, би нэг байртай байлаа гэж бодъё. Хүн түрээслэе гээд ороод ирэхэд зардлынх нь 34 хувийг би өөрөө хуваалцана гэдэгтэй ижил утгатай болчихоод байна. Яахав хөрөнгө оруулалт нь амархан нөхөгдөөд ирвэл 34 хувиараа ногдол ашиг авах юм биз дээ. Гэхдээ уул уурхай гэдэг асар их эрсдэлтэй. Ялангуяа хөрөнгө оруулагч өөрөө эрсдлээ үүрээд, зардлаа гаргалаа гэхэд эцсийн дүнд Монгол Улсад ногдох ашиг 50 хувиас илүү байх ёстой. Бид 53 хувь байхаар тооцож хийсэн юм. Ямар ч нөхцөлд Монгол Улсаас нэг ч төгрөг гаралгүйгээр газрын газаргуугаас нэг км-ийн дор байгаа хүдрийг гаргаж ирээд, баяжуулаад олсон орлогоос нь бид 53 хувийг хүртэнэ гэсэн байсан. Гэтэл 34 хувиар буюу зардлын 1/3-ыг бид үүрээд явах болчихсон. Энэ нь өөрөө хамгийн гол учир дутагдлыг бий болгоод байгаа юм.
Гарч байгаа зардыг төлөлцөөд яваад байгаа гэдэг нь ирээдүйд авах ашгаас хасагдаад яваад байна гэсэн үг. Тийм учраас хөрөнгө оруулагч талтай ширээний хоёр талд сууж, гэрээнээсээ буцах юм л бодох ёстой болоод байна" гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ