ДЭМБ: Орос улс коронавирусийн оргил цэгт хүрсэн
"ОХУ-д COVID-19-өөр өвчилсөн хүний тоо нэмэгдэх нь саарч байна" гэж тус улсад суугаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) төлөөлөгч Мелита Вуйнович мэдээлжээ. Тэрээр Блумберг агентлагт өгсөн ярилцлагадаа “Сүүлчийн өдрүүдээс харахад халдвар тогтворжиж байна гэдэгт бид найдаж байна” гэжээ.
Цар тахлаас болоод хязгаарлалтыг хаврын сүүлч хүртэл сунгасан. Харин тавдугаар сарын 12-ноос нийслэлд барилгын болон үйлдвэрийн газруудыг ажиллахыг зөвшөөрөхөөр Москва хотын дарга Сергей Собянин шийдвэрлэснийг “маш ухаалаг” арга хэмжээ гэж тэрээр тодорхойлжээ.
Хэрвээ хоёр долоо хоногийн хугацаанд халдварын шинэ тохиолдлууд буурвал Оросын бүс нутгийн эрх баригчид хязгаарлалтыг сулруулах хэрэгтэй гэж Вуйнович үзэж байна. Үүнээс гадна бүх талыг хамрах бус харин цэгчилсэн арга хэмжээ авахын тулд орон нутгийн төлөөлөгчид вирус ямар нэгэн байдлаар дахин дэгдэхэд бэлэн байхыг тэрээр уриалжээ.
"Орост дахин халдвар авсан тохиолдол гараагүй ч аюулыг мартах учиргүй" гэж тус улсын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны тэргүүн Анна Попова телевизийн «Россия 24» сувгийн нэвтрүүлгээр мэдэгдсэн байна. “Вирус бие махбодиос удаан гадагшилдаг. Хэрвээ COVID-19-өөр өвчилсөн хүний бие сайжирч бүрэн эдгэрсэн гэж бодовч тэр хүн вирус тараагч болж болох юм” гэж Анна Попова хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ