Н.Номтойбаяр: Улсын Ерөнхий прокурор намайг гүтгэн доромжилсон
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр 11:00 цагт Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийлээ.
Н.Номтойбаяр "Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой. Хууль цаазын тэргүүн зөвлөх байна уу, Улсын Ерөнхий прокурор байна уу хамаагүй. Миний баримталдаг зарчим бол хуулийн өмнө эрх тэгш байх. Намайг худал мэдүүлэг өгсөн, ХНХ-ын сайд байхдаа албан тушаалын байдлаа ашигласан гэж гүтгэж байгаа юм бол би эргээд УЕП-ыг Авлигатай тэмцэх газар өгч байна.
Би арванхоёрдугаар сарын 12-ны өдөр Төрийн ордонд хууль бус үйл ажиллагаа явагдаад байгаа талаар сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн. Гэтэл намайг мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх гэж оролдсон хэмээн миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлд үүнийг маш тодорхой дурдсан байдаг.
Удалгүй өмгөөлөгч н.Батхуяг гэх хүн Төрийн ордонд хийсэн миний хэвлэлийн бага хурлыг хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзээд Нийслэлийн прокурорын газарт миний эсрэг гомдол гаргасан. Харин 12 дугаар сарын 26-нд НПГ-аас Н.Номтойбаяр хууль зөрчөөгүй байна.Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, эрхээ эдэлсэн байна гээд тогтоол гарсан. Нууцын зэрэглэлтэй учраас илүү зүйл ярьж болохгүй байна.
Тэгэхээр энэ бүх үйл явц нь УЕП хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан өөрөө хууль тогтоох төрийн дээд байгууллага болох УИХ-д худал мэдээлэл түгээсэн. Намайг гүтгэн доромжилсон. Авлига албан тушаалынхаа давуу байдлыг над дээр ашигласан. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн тодорхой зүйл заалтыг маш ноцтой зөрчсөн.
Намайг худал мэдүүлэг өгсөн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд байхдаа хууль зөрчиж шийдвэр гаргасан гэж хэлмэгдүүлэн гүтгэж байгаа юм бол би нотлох баримт дээрээ үндэслээд тэр хүнийг яагаад хуулийн байгууллагаар шалгуулж болохгүй гэж.
Энэ бол иргэн хүнийхээ хувьд эрхээ эдэлж байгаа нэг хэлбэр. УЕП байлаа гээд хуулиас давуу эрхтэй гэсэн үг биш. Миний сайд байхдаа гаргасан шийдвэртэй яг адилхан шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар, 2018-2020 онд гаргасан. Хоёр зүйл өөр байгаа нь он сар өдөр, сайдынх нь нэр л өөр байгаа. Тэдгээр шийдвэрүүдийг буруутай гэж үзэхгүй байтлаа намайг буруутай гэж яллаад байна.
Намайг дөрөвдүгээр сарын 30-нд яллагдагчаар татсан. Яллах дүгнэлттэйгээ танилц гэж хэд, хэдэн удаа залгасан. Би очиж чадахгүй гэдгээ хэлсэн. Харин шүүхээс өчигдөр албадан ирүүлэх шийдвэр гарсан. Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт яллах дүгнэлттэйгээ танилц гэсэн. Би үгүй гэсэн. Нийслэлийн прокурорын газарт яллах дүгнэлттэйгээ танилцах байтал Чингэлтэй дүүргийн шүүхийн коридорт танилц гэсэн. Би сайд байхдаа хууль зөрчөөгүй гэдгээ хэлсэн” гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ