Нэр дэвшигчид энэ сард хөрөнгө, орлогын мэдүүлгээ АТГ-т мэдүүлнэ


Авлигын эсрэг хууль, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн байдлыг 2019 оны 12 дугаар срын 31-ний өдрийн байдлаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах хуулийн хугацаа нь тавдугаар сарын 17-19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багтаан нэр дэвшигч нь мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй аж.

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн мэдүүлсэн ХОМ-ийн хураангуйг холбогдох хуулийн хугацаанд тус газрын цахим сайтад байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн орлого хөрөнгийн байдалтай иргэд олон нийт танилцах бүрэн боломжтой байгаа нь УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт юм.

АТГ, Сонгуулийн ерөнхий хороо хамтран 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулжээ.

Уг гарын авлагад нам, эвслээс нэр дэвшигчийн болон бие даан нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх, орлого, хөрөнгийг мэдүүлэхэд анхаарах асуудал, мэдүүлгийг гаргах загвар жишээ зэргийг багтаасан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ