ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусийн халдвар авчээ

       ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусийн халдвар авсанаа цахим хэвлэлийн хурал хийх үеэрээ Оросын Ерөнхийлөгчид мэдээлжээ. Кремлийн сайтад ингэж бичсэн байна.

“Миний өгсөн коронавирусийн шинжилгээ эерэг гарсан нь дөнгөж сая тодорхой боллоо” гэж Мишустин хэлжээ.

Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах албаны шаардлага болон эмч нарын зааврын дагуу өөрийгөө  тусгаарлахаас аргагүй боллоо гэж тэр мэдэгдсэн байна.

Сайд нарын танхим цаашид тогтсон журмаар ажиллана гэж Мишустин хэлжээ. Тэр танхимын гишүүдтэй утас болон цахим холбоогоор байнга харилцаж байх бодолтой байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хариуд нь хэнд ч ийм явдал тохиолдож болно гэж онцлон тэмдэглэжээ.

Тэрээр Ерөнхий сайдын хийсэн ажилд талархал илэрхийлээд, түргэн эдгэрэхийг хүссэн байна. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Засгийн газрын нэгдүгээр орлогч дарга Андрей Белоусовыг Ерөнхий сайдыг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай зарлигт гарын үсэг зуржээ. Тэр Михаил Мишустиныг өвчтэй байх хугацаанд үүрэгт ажлыг нь  гүйцэтгэх юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ