Ардчилсан нам УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос авлаа
Ардчилсан нам 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-оос хүлээж авлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамтаар СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар СЕХ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Ардчилсан намыг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тул батламжийг олгосон юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан намын 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн үндсэн бодлого бол "Өрхийг дэмжих өсөлтийн бодлого" юм. Аливаа төрийн үндэс бол өрх гэр бүл байдаг. Тиймээс ч Ардчилсан нам Монгол өрх бүрийг чинээлэг, аз жаргалтай, эрүүл саруул, эрх тэгш амьдрахад чиглэсэн дэмжсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг онцолъё. Бид 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд шударга ёсны зарчимд суурилж, эрх тэгш оролцож, бусад улс төрийн намуудтайгаа шударгаар өрсөлдөнө. Мэдээж эрх баригч намын хууль бус үйлдлүүд одоо ч гарч байгаа. Гэхдээ Ардчилсан нам Сонгуулийн хуулийн зүйл, заалт бүрийг чандлан мөрдөж, энэ удаагийн сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ