АНУ-ын шумбагч хөлөг онгоцноос пуужин харвавал Орос улс хариу цөмийн цохилт өгнө

АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний шумбагч хөлөг онгоцноос ямарваа пуужин харвавал цэнэгт хушууны хүчин чадлаас үл хамааран Орос улс хариуд нь цөмийн цохилт өгнө гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова лхагва гарагт мэдэгджээ.

Пуужин тээгч шумбагч хөлөг онгоцнуудын заримыг  “бага хүчин чадалтай” цөмийн хушуу бүхий пуужингаар зэвсэглэх тухай нийтлэл АНУ-ын төрийн департаментын сайтад тавигдсаныг тэр ингэж тайлбарласан байна.

“Үзүүлэлтээс нь үл хамааран америкийн шумбагч хөлөг онгоцны баллистик пуужин хэрэглэсэн аливаа халдлагыг цөмийн зэвсэг хэрэглэсэн халдлага хэмээн үзэх болно” Мария Захарова хэлжээ.

“Оросын цэргийн номлолын дагуу, иймэрхүү үйлдлийг Оросын зүгээс хариуд нь цөмийн зэвсэг хэрэглэх үндэслэл хэмээн үзэх болно гэдгийг  америкийн цөмийн чадамжийн уян хатан байдал гэгчийн тухай ярих дуртай хүмүүс ойлгох ёстой” гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч тайлбарласан байна.

Америкийн засаг захиргааны энэ алхамыг Оросын тал “стратегийн болон стратегийн бус цөмийн зэвсгийн ялгааг байхгүй болгоход” чиглэсэн аюултай үйлдэл бөгөөд энэ нь цөмийн босгыг намсгахад зайлшгүй хүргэнэ” хэмээн үзэж байгааг  Захарова онцлон тэмдэглэжээ.

АНУ цөмийн зэвсэг хэрэглэх шинэ номлол батласныг ИА REGNUM агентлаг мэдээлсэн байна. Уг номлолын хүрээнд хязгаарлагдмал хүчин чадалтай цөмийн цохилт өгөх нь цөмийн бүрэн хэмжээний дайнд хүргэхгүй байж болох магадлалыг авч үзэж байгаа ажээ.

Б.Атар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ