УИХ:500 сая төгрөг хүртэлх зээлийн хүүг 8 хувиар хөнгөлнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Тогтоолын төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Дэлхийн 213 улс оронд хурдацтай тархаж, Монгол Улсад удаа дараа нэмэгдэн бүртгэгдэж байгаа коронавируст халдвар COVID~19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх зорилгоор баримтлах төрийн бодлогын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын Үндсэн Хуулийн 25 дугаар зүйлд заасан УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд тодорхойлж энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөлд эрүүл, найдвартай, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналттай, харилцагчид хүртээмжтэй, цахимжсан банкны тогтолцоо бий болгох, банкны зохистой удирдлагын тогтолцоог бүрдүүлж, хувь эзэмшлийн төвлөрлийг бууруулах, банкийг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэхээр тусгажээ. Мөн банкийг хянах, шалгах, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх, алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох, түүнд шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад, дотоод зах зээлийн хэлцлээр бүрдүүлэхээр тусгасан байна. Энэ чиглэлээр ажиллах, хэлцэл хийх, шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлэх байгууллагад олгох хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгох хүрээнд холбогдох хуулийн төслийг боловсруулжээ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганаар хэлэлцэхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Тогтоолын төсөлд, тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх хүрээнд банканд байршуулсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн хуримтлалыг чөлөөлнө гэж тусгасан байгааг дурдаад, тус санд хэдэн төгрөг байгааг тодруулав.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Тус санд 700 орчим тэрбум төгрөг байна. Энэ мөнгөн хөрөнгийг Монголбанкнаас бонд гаргаж банкуудаас худалдаж авахаар төлөвлөсөн. Ингэснээр, банканд байгаа мөнгөний эрэлтийг дэмжих арга хэмжээ болно гэж үзсэн хэмээн хариуллаа.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Банк нийгмийн хариуцлагаа ухамсарлаад 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3 хувиар буулгаж, төрөөс таван хувийг нь багасгахаар болж байгаа. Ингэснээр банкны зээлийн хүү 8 хувиар хөнгөлөгдөнө. Үүнд нэг сая 100 мянган зээлдэгч буюу нийт зээлдэгчдийн 99.8 хувь нь багтаж байгаа гэв. Тэрбээр, "Засгийн газрын долоон багц арга хэмжээний хүрээнд иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлсөн. Ингэснээр Нийгмийн даатгалын санд 800 орчим тэрбум төгрөгийн орлого тасалдсан. Тиймээс тус санг банкуудад байршуулж бонд авсан байсныг чөлөөлж, зах зээлд мөнгө оруулах, ажлын байр бий болгох санаа байгаа" хэмээн тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Гадаад валютын нөөцийн зохистой хэмжээг хадгалахын тулд алтны үнэ нэмэгдсэн энэ үед ашигт малтмалаа ашиглах тухай тусгасан байгааг тодотгоод, үүнд байгалийн тэнцлийг хадгалах чиглэлээр явуулж буй Засгийн газрын бодлоготой зөрчилдөх эсэхийг тодруулав. Мөн цар тахлын үед хил хааснаар, Монголбанканд ААН-үүд алт тушаах нь нэмэгдэж байгааг дурдаад, өмнө нь хилээр хууль бусаар алт гарч байсан гэх мэдээлэл авсан гэлээ. Түүнчлэн, гадаад дотоодоос санхүүгийн дэмжлэг авах чиглэлээр ямар санаачилга гарган ажиллаж байгааг лавлахын зэрэгцээ цар тахлын үед бусад аж ахуйн нэгжүүдийг хэрхэн дэмжихийг асуув.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дэлхийн зах зээлд цар тахлын үед нэг унц алтны үнэ 1700 ам.доллар болсон. Засгийн газаас Алт-2 хөтөлбөрийг эхлүүлж эрчимтэй ажиллана. Ингэхдээ, холбогдох дүрэм журмыг биелүүлсэн, албан ёсны тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй зээл олгоно. Гадаад, дотоодын зах зээлээс санхүүжилтийг бүрдүүлэх, шийдвэр гаргах эрхийг Монголбанканд олгосон. Энэ нь цаашид валютын нөөцийг нэмэх ач холбогдолтой хэмээн хариуллаа.

Мөн тэрээр, банкны тухай хуульд өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төсөлд Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн бөгөөд мөнгө хүүлэлттэй холбогдуулан санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хуулийн төслийг мөн боловсруулж байгааг дурдлаа. Мөн ААН-үүдийг дэмжих хүрээнд өмнө нь ХХОАТ, НДШ, ААНОАТ-ыг хөнгөлөх, чөлөөлөх багц арга хэмжээг хэрэгжүүлсэн. Банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар, ААН-үүдэд бодит дэмжлэг хүрнэ хэмээн тайлбарлав.

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа COVID-19 цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны санал, дүгнэлтээр санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх уг тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ