"Сургалтын төвүүдийг нээх эсэхийг энэ долоо хоногт УОК-оор эцэслэн шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд оруулна"

Улсын Онцгой комисс өнөөдөр 20 дахь удаагаа хуралдаж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг танилцууллаа. 


Үүний дараагаар УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад хариулав. 


-Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэд их байна. Заавал шалтгаан заахгүйгээр татан авч болохгүй юу?


-Гадаадаас ирэх хүсэлтэй маш олон иргэн байна. Одоогоор 9,890 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан. Хүсэлт улам нэмэгдсээр байгаа тул эхний ээлжид хүндэтгэх шалтгаантай иргэдээ авч байна.


-Эх орондоо ирж чадахгүй байгаа иргэд ЭСЯ-ны гадна суулт зарлаж байна. Энэтхэг улсад байгаа иргэдийн ар гэрийнхэн ч өнөөдөр цуглаан хийлээ?


-Суулт хийлээ гээд нэмэргүй. Суулт хийлээ гээд онгоцны тоо, нисэх бүрэлдэхүүн, тусгаарлах байрны тоо нэмэгдэхгүй шүү дээ. Тиймээс ЭСЯ-ны ажилтнуудыг шахаж, гадна нь суулт зарлах нь нэмэргүй.


Энэтхэг рүү шууд нислэг хийх боломжгүй байна. Байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Тэднийг Европоор дамжуулан авах л боломж бий. Байнга нислэг хийдэг улсуудаараа дамжуулж л иргэдээ татна.


Хэрвээ байнга нислэг үйлддэггүй нэг газар луу нислэг хийвэл бусад 57 улс руу нислэг үйлдэх ёстой болно. Тиймээс МИАТ ТӨХК-ийн онгоцыг байнгын нислэгтэй улсууд руу нисгэж байна.


-Сургалтын төвүүдийг нээх эсэхийг хэзээ шийдвэрлэх вэ?


-Мэргэжлийн болон богино хугацааны танхимын сургалтын газруудыг нээж өгөх хүсэлт их ирж байна. Тэдгээрийг үе шаттайгаар нээе, бэлтгэлийг нь хангая гэж байгаа. Уг асуудлыг энэ долоо хоногт Улсын Онцгой комиссын хурлаар хэлэлцэн, шийдвэрээ гаргаж, Засгийн газрын хуралдаанд оруулна. 


-Сонгуулийн үеэр тусгаарлах байранд хүмүүс байж таарвал саналыг нь хэрхэн авах вэ?


-Сонгуулийн санал авах өдөр тусгаарлах байруудыг хүнгүй байлгахаар төлөвлөж байна. Хэрэв байж таарвал асуудал маш төвөгтэй болно. Тиймээс сайтар судалж, төлөвлөж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ