Ж.Батзандан: ҮХЦ-ийн гурван гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулна
УИХ дахь ШИНЭН-ын зөвлөлийн хуралдаанаар, ҮХЦ-ийн энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны 01 тоот дүгнэлтийг хэлэлцэж, цэцийн гурван гишүүнийг хуулийн байгууллагад шалгуулахаар болсноо хэвлэлийн хурлынхаа үеэр мэдэгдэв.
УИХ дахь ШИНЭН-ын зөвлөлийн дарга Ж.Батзандан, "ҮХЦ-ийн дээрх 01 тоот дүгнэлт гарснаар, 1992 оноос өмнөх төрийн байгууллагын гаргасан бүх шийдвэрийг цэц хянадаг болно. Энэ эрхийг авахын төлөө ҮХЦ-ийн гурван гишүүн улайрч шийдвэр гаргасан. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын ардчиллаас булааж Д.Эрдэнэбилэгт авч өгөх шийдвэрийн эхлэл энд байгаа юм. Тодруулбал, 1991 онд төрийн өмчийн үйлдвэрүүдэд онцгой дэглэм тогтоох тухай хууль баталсан. Энэ хуулийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн ҮХЦ-ээр хүчингүй болгохын тулд энэхүү дүгнэлтийг гаргасан гэж дүгнэж байна” хэмээв.
УИХ дахь ШИНЭН-ын зөвлөлийн гишүүн Л.Болд, “Цэцийн дунд суудлын хуралдаанаар шийдвэр гарчихсан. Хэдийгээр, УИХ цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэж шийдвэрлэсэн ч юунд ч нөлөөлөхгүй. Учир нь цэцийн их суудлын хуралдаанаар шийдвэр гаргана, тэр нь УИХ-д орж ирэхгүй хүчин төгөлдөр болно. Ингээд Эрдэнэт үйлдвэрээ бид алдах нөхцөл байдал бүрдэж байна. Сонгууль гэж улс төржиж байх хооронд 2016 оны Эрдэнэтийг хулгайлах оролдлого одоо ч үргэлжилж байна” гэв.
Мөн тэрээр, УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүний тангарагаас “Нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн” гэсэн үгийг хасах саналтай байгаагаа дуулгалаа. Тэрбээр, “Төрийн түшээ, элч төлөөлөгчид сүүлийн 30 жил тангараг өргөхдөө дээрх үгийг хэлж байсан. Үүнийг уншихдаа мэдээж таслалыг нь хэлдэггүй. Энэ үгийг УИХ-ын гишүүний тангарагаас бүр мөсөн авч хаях шаардлагатай. Төрийн түшээд өөр улсын эрх ашгийг эрхэмлэнэ гэж тангараг өргөж таарахгүй” гэлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ