Ким Чен Уныг нас барсан гэх мэдээг Хойд Солонгос няцаав

      Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг нас барсан гэх мэдээ худал.

Солонгосын найрамдлын нийгэмлэгүүдийн холбооны тэргүүн, дипломатч  Алехандро Као де Бенос де Лес Перес  ингэж мэдэгдсэнийг Блумберг агентлаг уламжилжээ.

“Манай маршалыг нас барсан гэх цуу яриа худал бөгөөд хорон санаа агуулж байгаа яриа юм” гэж тэр хэлсэн байна. “Санаа тавьсанд баярлалаа, гэхдээ цаашид мэдээллийн эх сурвалжийг сайтар шалгаж байхыг сэтгүүлч нараас би хүсч байна” гэж тэр мэдэгджээ.

Ким Чен Уныг нас барсан тухай Гонконгийн HKSTV телевизийн дэд захирлын мэдээ  дөрөвдүгээр сарын 25-ны орой хятадын нийгмийн Weibo сүлжээнд анх гарчээ. Тэд“маш баттай эх сурвалжаас” мэдээлэл авсан хэмээн ярьсан байна.

Хойд Солонгосын удирдагчийн галт тэрэг рашаан сувиллын Вонсан хотын ойролцоо байгаа нь тодорхой болжээ. Тэндхийн Ким Чен Уны мэдлийн харшид  хувийн эмнэлэг ажилладаг байна. Галт тэрэг өртөөнд байгаа нь түүний биеийн байдалтай огт холбоогүй бөгөөд харин ч Ким Чен Ун тус орны зүүн эргийн элитийн районд байгааг харуулж байна. 

Ким Чен Ун дөрөвдүгээр сарын 15-нд болсон өвөө Ким Ир Сений төрсөн өдрийн арга хэмжээнд оролцоогүй учир, түүний биеийн байдлын тухай элдэв яриа тарж эхлэсэн юм.  Үүнээс дөрвөн өдрийн өмнө тэрээр Засгийн газрын хуралдаанд оролцсоноос хойш олны өмнө үзэгдээгүй байна.

Хойд Солонгосын удирдагчийн  биеийн байдал нь түүний ойрын  хүрээллийн хуруу дарам хүн л мэддэг төрийн хамгийн нягтлан нуудаг нууцын нэг юм. Түүнийг  өвчилсөн гэх цуу яриа тарж буй нөхцөлд  олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд залгамжлагч болж болох хүний талаар ч таамаглал  дэвшүүлэх болсон билээ. Тийнхүү тийм хүмүүсийн дунд Ким Чен Уны бүсгүй дүү – Ким Ё Жоныг давын өмнө нэрлэж байжээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ