М.Энхсайханыг цагдан хорьсонтой холбогдуулж АН-аас мэдэгдэл гаргажээ

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг цагдан хорьсон асуудалтай холбогдуулж, Ардчилсан намаас  мэдэгдэл гаргажээ.


ТУС МЭДЭГДЭЛД:


Монгол Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуульд 65 суудал авч үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн боловч хүчин, ЖДҮ, 60 тэрбум, авилга албан тушаал, хүн амины гэмт хэргийн улмаас эдүгээ 62 суудалтай болсон МАН-ын эрх баригчид төрийн эрх мэдлийг хувийн ашиг хонжооны хэрэгсэл болгон ард түмний итгэлийг хөсөрдүүлж дүнгээ хэдийн тавиулсан.


Гэвч эрх баригч МАН-ын удирдлагууд УИХ-ын ээлжит сонгууль дөхөнгүүт иргэдийн анхаарлыг сарниулах, Ардчилсан намын нэр хүндийг унагах зорилгоор Ардчилсан намаас төрийн өндөр албан тушаалд томилогдон ажиллаж байсан хүмүүст зориудаар хэрэг үүсгэж, үүнийгээ УИХ, Засгийн газрын гишүүн нь ичиж зовох зүйлгүйгээр зарлах боллоо. Тухайлбал Ардчилсан намаас төрийн хариуцлагатай алба болох УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, сайдын алба хашиж байсан нэр бүхий гишүүдэд холбогдуулан улс төрийн зорилготой хоморголон баривчлах,  хэрэг үүсгэх, хэрэг үүсгэхээр айлган сүрдүүлэх боллоо.


Улс төрд шударгаар өрсөлдөхийн оронд албан тушаал, эрх мэдэлд хэт шунан улайрсан эрх баригч МАН нь хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, хүний халдашгүй дархан байдлыг зөрчих хууль бус үйлдэлдээ хууль хяналтын байгууллага, тэдгээрийн удирдах албан тушаалтаныг хэлмэгдүүлэлтийн хэрэгсэл болгон ашиглаж байгааг АРДЧИЛСАН НАМ эрс буруушааж байна.


Улс төрийн үнэмлэхүй олонхи болсноосоо хойш эрх баригчид 60 тэрбум, ЖДҮ, хүн амины хэрэг, хүчин, концесс, лиценз, тендер, газрын наймаа, хар тамхи, банкны дампуурал зэрэг тоо томшгүй гэмт үйлдэл гаргасан хэдий ч албан тушаалаараа барьцаалагдан өнөөдрийн байдлаар нэг ч хүнд хуулийн хариуцлага хүлээлгэсэнгүй.


Харин эсрэгээрээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэний төлөө Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилж, хорьсон нь улстөрийн зорилготой, жигшүүрт үйлдэл гэж үзэж байна.


Ийнхүү эрх баригч МАН өөрсдийн дотоод тэмцэл, гэмт үйлдлээ халхавчлахын тулд Ардчилсан намын гишүүд, болон Ардчиллын үйл хэрэгт оролцож явсан хүмүүсийг дарамтлах, сүрдүүлэх, айлгах гэсэн аливаа оролдлого гаргаж байгааг АРДЧИЛСАН НАМ эрс буруушааж, хууль бус аливаа үйл ажиллагааны эсрэг шийдвэртэй тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар МЭДЭГДЭЖ байна гэжээ. 

АН-аас гаргасан мэдэгдэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ