Пентагон Ким Чен Уны бие муу байгаа тухай мэдээг тайлбарлажээ

  Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны биеийн байдал тааруу байгаа тухай мэдээг америкийн батлан хамгаалах яам тайлбарлаад, түүнийг Солонгосын ардын армийн ерөнхий командлагч гэж үзсээр байна.  Ройтерс агентлаг ингэж мэдээлжээ.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээг нотлох баримт надад байхгүй гэж АНУ-ын зэвсэгт хүчний штабуудын дарга нарын хорооны орлогч дарга генерал Жон Хайтен мэдэгдсэн байна. “Ким Чен Ун Солонгосын цөмийн хүчин болон зэвсэгт хүчнийг бүрэн хянаж  байгаа хэмээн би үзэж байна” гэж Хайтен хэлээд,  одоо өөрөөр үзэх шалтгаан алга гэж мэдэгджээ.

   Хойд Солонгос  засгийн эрхийг шилжүүлэх онцгой төлөвлөгөөг 2019 оноос боловсруулж, ингэхдээ  одоогийн удирдагч Ким Чен Уны оронд түүний отгон эмэгтэй дүү Ким Ён Жон улс орныг удирдана хэмээн өмнө нь мэдээлсэн байсан юм. БНАСАУ-ын удирдагчийн бүсгүй дүү Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны захирлын нэгдүгээр орлогчийн алба хашдаг юм.  Тэр мөн Швейцарьт сурч басан бөгөөд Ким Чен Уны итгэмжит хүн,  тус орны нөлөө бүхий хоёр дахь хүн юм.  Гуравдугаар сард түүний нэрийн өмнөөс олон улсын анхны албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Дөрөвдүгээр сарын 21-нд телевизийн CNN суваг  тагнуулын албаны төлөөлөгчдийн хэлснийг иш татахдаа, мэс засал хийлгэсний дараа Ким Чен Уны бие тааруу байгаа тухай мэдээлсэн юм.  Сүүлд нь Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг Хойд Солонгносын удимрдагчийн бие тааруу байгаа тухай мэдээг няцаасан байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч ч үүнийг нотложээ.

Гэхдээ  Хойд Солонгосын эрх баригчид болон олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд тун хачирхалтай байдал гаргаж, Ким Чен Уны биеийн байдлын тухай мэдээг огт тайлбарлахгүй байгаа  юм. Түрүүнд нь элдэв цуу яриа гарахад, тэр даруй  л тайлбарлаж, няцаадаг байсан юм.

Ким Чен Ун  дөрөвдүгээр сарын 14-нд болсон өөрийн өвөө Ким Ир Сений төрсөн өдрийн баярт оролцоогүй бөгөөд үүний дараа түүний биеийн байдлын тухай элдэв яриа  хөвөрч эхлэжээ.  Үүнээс дөрвөн өдрийн өмнө тэр засгийн газрын хуралдаанд оролцож,  харин дараа нь дахин үзэгдээгүй байна.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ