Сонгуулийн үед дагаж мөрдөх тусгайлсан зөвлөмж гаргана

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн санал тавьснаар Улсын Онцгой комиссын дарга болон гишүүдийн төлөөлөл хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Энэ удаагийн ээлжит сонгууль урьд өмнө тохиолдож байгаагүй амаргүй цаг үетэй тулгарч байна. Тиймээс сонгууль зохион байгуулах бүх үе шатанд хэрхэн ажиллах, сонгогч болон санал хураалтын байранд ажиллаж буй итгэмжлэгдсэн ажилтнуудын Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг Улсын Онцгой комисс болон, мэргэжлийн байгууллагуудаас гаргаж өгөх хүсэлтийг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд уламжилсан юм.

Энэ сарын 15-нд БНСУ парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулсан. Тус улсын туршлага болон Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын гаргасан зөвлөгөөг тусган сонгуулийн үед дагаж мөрдөх тусгайлсан зөвлөмж гаргах хамтарсан ажлын хэсэг байгуулах чиглэлийг Улсын Онцгой комиссын дарга холбогдох албаныханд өглөө. Тухайлбал сонгогч заавал амны хаалттай байх, халуун үзэх, бал барихаас эхлээд хийсэн үйлдэл бүрийн дараа гараа заавал ариутгах гэх мэт халдвараас урьдчилан сэргийлэх арга бүхий зөвлөмжийг гаргах юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ