Эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв
Эдийн засаг нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг өргөн барина
“ Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2021 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Төсөлд Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал эрхзүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн таван бүлэгтэй, 18 зорилтын хүрээнд 103 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Зорилт бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой заажээ.
ХХААХҮ-ийн салбарын хууль, эрхзүйн орчныг сайжруулж хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ. Цахилгаан станцуудыг өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлж, эрчим хүчний салбарын тасралтгүй найдвартай ажиллагааг хангана. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлнэ. Боловсрол соёл, урлаг, спортын салбарын хөгжлийг дэмжиж, томоохон бүтээн байгуулалтуудыг хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Энэчлэн төсөлд тусгагдсан 103 арга хэмжээний хүрээнд нийт 10,3 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдана хэмжээн тооцоолсон байна.
Мөн энэ өдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөрийг батлав
“Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр 2014-2019” дууссантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтод уялдуулан “Цагдаагийн байгууллагыг 2020-2024 онд хөгжүүлэх хөтөлбөр”-ийг баталж, Үндэсний хөтөлбөрийн жагсаалтад нэмэв.
Цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж үр дүнд хүрсээр байна. Гэмт хэргийн хяналтын цогц системийг нэвтрүүлж, телекамер дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь гэмт хэрэг илрүүлэлтийг нэмэгдүүлсэн. Цагдаагийн албан хаагчдын харилцааны соёлыг дээшлүүлэх, байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь цахимжуулах, боловсронгуй болгох аяныг өрнүүлсэн. Албан хаагчид, ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах, орон сууцжуулах хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн аж.
Иймд цагдаагийн байгууллагыг хөгжүүлэх чиглэлд нэгдсэн төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь өгөөжтэй хэмээн үзжээ. Мөн 2018 оны байдлаар жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 10.000 хүнд 169 гэмт хэрэг, дэлхийн улс орнуудын 100.000 хүн тутамд харьцуулан тооцоолох аргаар тооцоход жилд дунджаар 16 ба түүнээс дээш насны 100.000 хүнд 1686 гэмт хэрэг ногдож байна. Энэ нь хүн ам багатай манай улсын хувьд гэмт хэргийн гаралт өндөр байгааг харуулж байгаа аж.
Жилд дунджаар 31.000 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж, иргэд аж ахуйн нэгжид 184.8 тэрбум төгрөгийн эд материалын хохирол учирч 900 гаруй хүн нас барж, 10351 хүн эрүүл мэндээрээ хохирчээ. Эдгээр асуудлыг цагдаагийн байгууллага 90 гаруй хуулийн 180 орчим хэм хэмжээний хэрэгжилтийн хүрээнд иргэд олон нийтэд хууль сахиулах үүргийг гүйцэтгэн ажиллаж байгаа ч дээрхи тоон үзүүлэлтүүд өсөх хандлага ажиглагдсаар байгаа аж. Цаашид хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллахад техник технологийн хувьд хоцрогдсон, үйл ажжиллагааны арга боловсронгуй болоогүй, алба хаагчдын ажлын ачаалал их, төсөв хөрөнгийн хүрэлцээ дутмаг зэргээс шаардлагын түвшинд хүрч ажиллаж чадахгүй байна хэмээн үзэж байгаа аж.
Иймд ЦЕГ, ХСИС-ын хамтарсан ажлын хээсгээс цагдаагийн байгууллагын өнөөгийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ явуулж, энэхүү хөтөлбөрийг бусад бодлогын баримт бичигт уялдуулан боловсруулсныг Засгийн газрын гишүүд дэмжин батлав. Хөтөлбөрийн хугацаанд үндсэн таван зорилтыг хэрэгжүүлж, 118,2 тэрбум төгрөг зарцуулах аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ