Ким Чен Уны бие муу байгаа гэх мэдээг няцаажээ
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны биеийн байдал муу байгаа тухай мэдээг Пхеньяны эрх баригчид няцаасан байна. Өмнөдийн Ёнхап агентлаг ингэж мэдээлжээ.
“Түүний бие муудсан ямар ч шинж тэмдэг байхгүй, ингэж мэдээлж байгаа нь худал юм” гэж засгийн газрын төлөөлөгч ярьсан байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн захиргааны төлөөлөгч ч үүнийг нотложээ.
Мэс засал хийлгэсний дараа Ким Чен Уны бие тааруу байгааг АНУ-ын тагнуулын алба өмнө нь мэдээлсэн билээ. Вашингтоны засаг захиргаа мэдээлэл авах шууд боломжтой америкийн төлөөлөгчдийн нэгнээс мэдээ авдаг байна.
Ким Чен Ун дөрөвдүгээр сарын 15-нд болсон өөрийн өвөө Ким Ир Сений төрсөн өдрийн баярт оролцоогүй нь түүний биеийн байдлын талаар хэд хэдэн сэжиг төрүүлжээ. Үүнээс дөрвөн өдрийн өмнө тэр засгийн газрын хуралдаанд оролцож байсан байна.
Ким Чен Уныг чухамхүү юу төрийн чухал ёслолд оролцохгүй байхад хүргэснийг шинжээчид сайн мэдэхгүй байгаа ажээ. Өмнө нь Хойд Солонгосын удирдагчид ийм арга хэмжээнд оролцохоос татгалзаж байсан явдал бий.
2008 онд гэхэд л, БНАСАУ байгуулагдсаны 60 жилийн ойн парадад Ким Чен Ир оролцоогүй нь олон цуу яриа тарахад хүргэж, сүүлд нь ийм яриа үнэн болж таарсан билээ. Төрийн тэргүүн зүрхний тэжээлийн дутмагшилд орж, үүнээс болоод нас баржээ.
Хойд Солонгосын удирдагчийн бие муудсан тухай мэдээ гарсны дараа БНАСАУ-ын тэргүүн Ким Чен Унтай холбоо барихыг оролдоно гэдгээ АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үгүйсгэхгүй байна. Трамп мэдээлэл хийхдээ, Ким Чен Ун бид хоёр маш сайн харилцаатай гэж мэдэгдээд, Хойд Солонгосын удирдагчийн бие сайн байгаа гэдэгт найдаж байгаагаа илэрхийлснийг ТАСС агентлаг уламжилжээ.
БНАСАУ-ын удирдагчийн бие муу байгаа тухай мэдээ үнэн эсэхийг мэдэхгүй байна гэдгээ америкийн ерөнхийлөгч дурджээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ