АНУ-ын тагнуулын алба Ким Чен Уны бие тааруухан байгаа тухай мэдээ авчээ
Мэс засал хийлгэсний дараа БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны биеийн байдал муудсан тухай тагнуулын мэдээг АНУ-ын эрх баригчид судлаж байгаа ажээ. Телевизийн CNN суваг учрыг мэдэх хүний хэлснийг иш татан ингэж мэдээлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 15-нд Ким Чен Ун өөрийн өвөө Ким Ир Сений төрсөн өдрийн ойд зориулсан арга хэмжээнд оролцоогүйг телевизийн суваг дурджээ. Энэ нь түүний биеийн байдалтай холбоотой элдэв яриа таамаг гарахад хүргэсэн байна. Яаралтай мэс засал хийлгэсний дараа Ким Чен Уны эрүүл мэндэд ноцтой аюул учирсан байж болох тухай мэдээг Америкийн тагнуулын алба авчээ. Телевизийн компани өөр тодорхой баримт дурдаагүй байна.
Дөрөвдүгээр сарын 11-нд Ким Чен Ун Солонгосын хөдөлмөрийн намын ТХ-ны улс төрийн товчооны хуралдаан хийлгэжээ. Тус орны удирдагчийн хөлөглөдөг нисдэг тэрэг, машинууд дараа өдөр нь Пхеньянд харагдсан байна.
Ким Чен Унд зүрх-судасны мэс засал хийсэн тухай Өмнөд Солонгосын “Дейли NK” сонин анх мэдээлжээ. Одоо тэр Пхеньянаас 100 км-т Мёхянсаны уулын хавьд биеэ тэнхрүүлж байгааг тэмдэглэсэн байна. Түүний биеийн байдлыг эмч нар ажиглаж байгаа ажээ. Ингэхдээ эмч нарын ихээхэн хэсгийг дөрөвдүгээр сарын 19-нд гэр оронд нь буцаасан байна.
Хойд Солонгосын удирдагч бүр 2019 оны наймдугаар сард зүрх-судасны системийн асуудалтай болсныг эх сурвалж сонины сурвалжлагчид хэлсэн байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ