Коронавирусээр нас барсан олон зуун хүнийг сүүлд Ухань хотоос илрүүлжээ

    SARS-CoV-2 коронавирусийн дэгдэлт анх бүртгэгдсэн хятадын Ухань хотоос халдвартай холбоотойгоор нас барсан 1290 тохиолдол шинээр илрүүлсэн байна.  Ройтерс агентлаг Хятадын телевизийн нэвтрүүлгийг иш татан ингэж мэдээлжээ.

“Эмнэлгүүдийн боломж хязгаарлагдмал, эмнэлгийн ажилтнууд дутагдалтай байснаас болоод эхний эхний үед эмнэлгийн хэд хэдэн байгууллага орон нутгийн хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвүүдтэй цаг тухайд нь холбоо барьж чадаагүй юм” гэж эрх баригчдын мэдэгдсэнийг агентлаг дурдсан байна.

Шинэ төрлийн коронавирусээс үүдэлтэй өвчнөөр одоо тус хотод  3869 хүн нас барсан болж байна.  Үүнээс гадна, халдвар авсан хүний тоо 325 болж нэмэгдсэнээр ийм хүмүүсийн тоог 50333 болгожээ. Ухань хот 11-н сая гаруй хүн амтай юм.

Дээрх агентлагийн мэдээлсэнээр,  эндхийн эмч нар албан ёсны мэдээллийн үеэр сэтгүүлчидтэй ярилцахдаа  өвчин дэгдэлтийн эхний өдрүүдэд  бүртгэгдээгүй тодорхой тооны хүн нас барсан байж болохыг  зөвшөөрсөн байна.

Дөрөвдүгээр сарын эхээр АНУ-ын тагнуулын алба Цагаан ордонд нууц илтгэл танилцуулахдаа, Хятад улс тус орон дахь коронавирусийн дэгдэлтийн жинхэнэ цар хэмжээг  нуун дарагдуулж байна гэдгийг дурджээ. Тухайлбал,  халдвар авсан нийт тохиолдлын тоо болон халдвараар нас барсан хүний тооны аль алиныг  дарагдуулсан хэмээн Хятадын Засгийн газарыг сэжиглэж байсан билээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео  коронавирусийн талаархи тоо баримтыг ил тод мэдээлж байхыг Хятад болон бусад оронд уриалж байсан юм. 

Хятадын ГХЯ-ны төлөөлөгч Хуа Чуньин үүнд хариу хэлэхдээ, Хятадын Засгийн газар коронавирусийн тархалтын тухай тоо баримтыг нийтлэхдээ нээлттэй байр суурь баримтладаг байсан юм гэж мэдэгджээ. 

Б.Атар 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ