Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.04.17) Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн барилаа.

Манай улсад аливаа халдварт өвчний тархалттай үед төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад мөрдүүлэх зайлшгүй шаардлагатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, гадаад улс орнуудаас ирэх зорчигч, хил нэвтрэх, дамжин өнгөрөх бараа, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн баримт бичгийн хяналт, бүртгэл, дотоод болон хил дээрх ариутгал, халдваргүйжүүлэлт, тархалтын хариу арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хангалтгүй байгаа юм.

Тухайлбал, шаардлагатай арга хэмжээ авах, холбогдох журам, зааврыг батлах эрх төрийн байгууллагад хуулиар олгогдоогүй байгаа нь коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед нийгмийн эрүүл мэндийг халдварт өвчнөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, тэмцэхэд хүндрэл үүсгэх үндсэн шалтгаан болж байна.

Иймд дэлхий даяар цар тахлын хэмжээнд хүрсэн коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдпын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хуулийн тодорхой зохицуулалт хийх шаардлага гарсан юм.

Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд мөрдөгдөх Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл 4 бүлэг 19 зүйлтэй.

Төсөлд:

  • Хуулийн үйлчлэл болон коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд баримтлах зарчим, хамрах хүрээ, нэр томьёог тодорхойлох
  • Өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагаа, тухайлбал, коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалт тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох
  • Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээг авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан байна.

Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйлийг тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсан байна.

Хуулийн төслийг баталснаар коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахпаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар шаардлагатай арга хэмжээг шуурхай авах эрх зүйн орчин бүрдэнэ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдварын тархалтыг цар тахал гэж зарлаад байна. Энэ халдварт өвчин нь амьсгалын замын эд эсийг гэмтээж, уушгины хатгалгаа үүсгэдэг, урьд өмнө бүртгэгдэж байгаагүй тахал юм. Дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар дэлхийн 213 улс оронд 2.0 сая хүний өвчлөл бүртгэгдэж, нас баралтын тоо 136.908-д хүрээд байна.

Монгол Улсад 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш тусгаарлан ажиглах байруудад 1669 хүнийг авч, 2020 оны 04 дүгээр сарын 16-ны байдлаар гадаад улс орноос 31 тохиолдол эөөвөрлөгдөн орж ирсэн.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин