Дархан цаазат газарт барилга барих татварын хэмжээг тогтооно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжив.


Тусгай хамгаалалттай газар болох Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалт гэх нэрээр газар ашиглах эрх аван амины болон нийтийн орон сууц, худалдаа, үйлчилгээний барилга барьсан олон зөрчил байгаа юм. Тиймээс дархан цаазат газрын байгалийн унаган төрхийг хадгалах, дэглэм зөрчсөн үйлдлийг зогсоох, унаган төрхөө алдсан газрыг нөхөн сэргээх зорилгоор төслийг боловсруулжээ.


Энэ талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат чуулганд танилцуулахдаа, “Хуулийн төсөлд дархан цаазат газарт барилга барих иргэнээс 1 ам дөрвөлжин мерт талбай тутамд хувь 1000 төгрөг, аж ахуйн нэгжээс 3000 төгрөгийн татвар авах зохицуулалт тусгасан” гэлээ.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, “Засгийн газраас экологийн цагдаагийн алба байгуулсан. Газар авчихаад зориулалтын бусаар ашигласан иргэн, аж ахуйн нэгжтэй энэ алба тэмцэх ёстой” хэмээв. Мөн тэрбээр хуулийн төсөлд тусгасан татварын хэмжээ хэт бага байна гэсэн санал хэлж байв.


Мөн М.Билэгт гишүүн өмнө нь хууль зөрчиж, дархан цаазат газар барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал хэллээ. Түүнчлэн зөвхөн Богдхан уул бус бусад газруудынхаа асуудлыг ч шийдвэрлэх шаардлагатайг онцолж байв.


Хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 70.7 хувь нь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин