Үндэсний үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш өсөж байна

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй дотоодын томоохон үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш энэ сараас өсөж байна хэмээн эх сурвалж мэдээллээ.


Тодруулбал, “Говь” ХК-ийн нэгж хувьцааны ханш гуравдугаар сарын 31-нээс хойш 9.9 хувиар өсөж, 191 төгрөг хүрснийг Монголын Хөрөнгийн биржийн энэ долоо хоногийн эхний өдрийн арилжааны хаалтын түвшнээс харж болохоор байна. 2019 оны байдлаар Монгол Улсын ноолууран бэлэн бүтээгдэхүүний зах зээлийн 83 хувийг эзэлж буй тус компани зорилтот зах зээлээ АНУ, Европын Холбооны орнууд, БНХАУ гэж харж байгаа бөгөөд цаашид цахим борлуулалтын сувгаа илүү хөгжүүлэн тэлэх бодлого баримталж ажиллахаа тайлагнаж байсан юм.  


Үүнээс гадна гуравдугаар сарын 31-нд зургаан сарын доод үзүүлэлт буюу 181.6 төгрөг хүрч байсан “Сүү” ХК-ийн нэгж хувьцааны ханш энэ сарын эхний хагасын байдлаар 5.3 хувиар өсөж, 191.4 төгрөг болсон байна. Тус компани 2019 оны санхүүгийн жилд цэвэр ашгаа өмнөх оноос 37 хувиар өсгөж, 5.7 тэрбум төгрөг хүргэснээ тайлагнаж байсан юм. Дотоодын сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийн 48 хувийг эзэлдэг тус компани нэгж хувьцаанд таван төгрөгөөр тооцон, 1.7 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилахаар шийдвэрлээд байна.


АПУ ХК-ийн нэгж хувьцааны ханш өнгөрсөн сарын 24-нд 13.3 хувиар огцом унаж байв. Харин Хөрөнгийн биржийн даваа гарагийн хаалтын ханшаар энэ сард 0.4 хувь буюу бага зэрэг өсөж эхлээд байна. Тус компанийн хувьцааны ханшаар илэрхийлсэн зах зээлийн үнэлгээ 570.4 тэрбум төгрөг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ