АНУ ДЭМБ-ыг санхүүжүүлэхээ зогсоожээ
АНУ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад татвар төлөхөө зогсоосон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд мэдээлэл хийхдээ ийнхүү мэдэгджээ.
Тус байгууллага тухайн тохиолдолд өөрийн үүрэгт ажлыг хийж чадаагүй гэж тэр үзэж байна. Гэхдээ АНУ эрүүл мэндийн асуудлаар бусад оронтой хамтран ажиллах өөр арга зам эрж хайх болно гэдгийг тэр дурджээ.
“Ажил төрлийг муу удирдаж, коронавирусийн тархалтын тухай мэдээ баримтыг нуун дарагдуулж байсанд үнэлэлт дүгнэлт өгөх хүртэл ДЭМБ-д татвар төлөхөө зогсоохыг би Засгийн газартаа өнөөдөр даалгасан” гэж тэр хэлсэн байна.
Коронавирус хүнээс хүнд халдаж болох тухай илтгэлийг эхлээд анхааралдаа аваагүйгээс цаг алдаж, вирусийн тархалтын нөхцөл байдал эрс муудсан юм гэж тэр мэдэгджээ.
БНХАУ-ын хилийг хаая гэсэн АНУ-ын саналыг ДЭМБ эсэргүүцэж байсан нь тус байгууллагын нэг гол алдаа байжээ гэж Интерфакс агентлаг мэдээлсэн байна.
АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо 25 мянгаас давсаныг Жон Хопкинсын их сургууль мэдээлжээ. АНУ халдвар авсан хүний тоогоор толгой цохиж байгаа бөгөөд одоо тус оронд COVID-19-өөр өвчилсөн хүн бараг 593 мянга илэрээд байна. Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирустэй тэмцэх үйл ажиллагааг зохицуулах асуудлаар G7-гийн орнуудын удирдагчидтай маргааш буюу пүрэв гарагт цахимаар бага хурал хийнэ гэж Цагаан ордноос мэдээлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ