Вьетнамд амны хаалт зүүлгүй бусдад халдвар тараасан хүмүүсийг 12 жилээр хорих уу?

     Вьетнам улс хөл хорих шийдэмгий арга хэмжээ авч, нийгэмээ бүхэлд нь нэгдэл нягтралтай байлгаснаар одоо Европ болон АНУ-ыг илүүтэй нэрвэж буй эмгэнэлт үр дагавраас зайлсхийж чаджээ. Ийнхүү амжилт олсон шалтгааны талаар “South China Morning Post” сонинд бичсэн байна.

Хямралын эсрэг Вьетнам ямар арга хэмжээ авч ажилласан нь ДЭМБ-ын  магтаалыг  хүлээжээ.  Хятадтай хиллэдэг ч,  тус оронд халдвар авсан үзүүлэлт Өмнөд Солонгос, Сингапур болон Тайванийнхаас үлэмжхэн доогуур хэвээр байгаа бөгөөд  энэ орнуудыг цар тахлын эсрэг үр нөлөөтэй арга хэмжээ авч байна хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд зөндөө магтаж байсан юм. 

     Вьетнамд шинэ вирусээр нас барсан тохиолдол ерөөс бүртгэгдээгүй байна.

Хямралын эсрэг эрт хариу арга хэмжээ авсан нь амжилтын нэн чухал хүчин зүйл болсон юм гэж Вьетнам дахь ДЭМБ-ын төлөөлөгч Кидун Парк үзэж байна. “Вьетнам энэ дэгдэлтийн эсрэг эрт бөгөөд идэвхитэй арга хэмжээ авсан юм. Хятад дахь өвчний тохиолдлын тухай мэдээ  ирж эхэлмэгц эрсдэлийг үнэлэх эхний судалгааг  хийсэн байна” гэж тэр хэлжээ.

Ерөнхий сайдын орлогчийн тэргүүлсэн COVID-19-өөс сэргийлж,  хянах үндэсний хороог  тус оронд түргэн зуур байгуулж, тэр үндэсний хэмжээний арга хэмжээний төлөвлөгөөг даруй танилцуулсан байна. Нэгдүгээр сараас сургуулиудыг хааж,  нэгдүгээр сарын 16-нд олныг хамарсан хөл хорио эхлэж, гуравдугаар сарын 25-наас  олон улсын нислэгийг зогсоожээ.  Дотоодын нислэг, галт тэрэг, автобусны рейсийг цуцласан байна. Амны хаалт зүүхээс татгалзсанаас болоод өөр хүнд халдвар тараасан хүмүүст 12 жил хүртэл хугацаагаар хорих ял оноож мэдэх ажээ.

Ингэхдээ эрх баригчид эдгээр хязгаарлалтыг зөөлрүүлэх тухай одоогоор ярихгүй байна.  Нотлогдсон тохиолдлын тоо цөөн байгаа хэдий ч,   тус оронд орох, тэндээс гарахад хязгаарлалт зарлажээ. Үүнээс гадна, Вьетнам уушигны  цочимог халтай хамшинж зэрэг адил төстэй өвчнүүдийг эмчилдэг туршлагатай юм.

Вьетнамын амжилтыг тус орны иргэдийн нийгмийн нэгдэл нягтралаар ч тайлбарлаж болно.  Тухайлбал, ерөнхий сайд Нгуен Суан Фук  вирусийг тогтоон барих талаар тус орны явуулж байгаа үйл ажиллагааг 1968 онд АНУ-тай дайтаж байх үед хийсэн анхны өргөн цараатай давшилттай зүйрлэжээ.  Дайны үеэс хойш  ийм их сахилга, эв санааны нэгдлийг хараагүй гэж настай хүмүүс ярьж  байна.  Дөрөвдүгээр сарын 13-ны байдлаар Вьетнамд   коронавирусийн халдвар авсан 262 тохиолдол бүртгэгдэж, гэхдээ нэг ч өвчтөн нас бараагүй байна.

Шинжээчдийн зөвлөгөө зөвлөмжийг эрх баригчид мөрдөж, ард түмэн нь эв санаа нэгтэй байгаагаас Грек улс коронавирусийн тахалтай амжилттай тэмцэж чадаж байгааг үүнээс өмнө мэдээлсэн юм. Грекчүүд  ерөнхий эпидемиологч Сотирис Цодрасыг “коронавирусийн гайхамшигийг” бүтээгч гэж үздэг байна.  Тухайлбал, тэр хийдүүдийг хаах шаардлагатайг тус орны ерөнхий сайд Кириакос Мицотакисын сонорт хүргэж чаджээ.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ