Монголбанк: Хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгаж байна

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр 100 хувийн ирцтэй хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ. Тэгвэл Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг Мөнгөний бодлогын хорооны хараат бус гишүүн Ц.Мөнхбаяр уншиж танилцууллаа.

Тэрбээр “Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн ээлжит бус хурлаар бодлогын хүүг 1 хувиар бууруулж, 9 хувьд хүргэх. Хоёрдугаарт, эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгах шийдвэрийг гаргалаа. Жилийн инфляци 2020 оны хоёрдугаар сард улсын хэмжээнд 6.4, Улаанбаатар хотын хэмжээнд 6.9 хувь байна. Эдийн засгийн өсөлт энэ онд саарч, эрэлтийн шалтгаантай инфляци нэмэгдэхээргүй байна. Импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт доголдохгүй тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсэхгүйн дээр дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг даган дотоодын шатахууны үнэ буурч байгаа. Шинэ коронавирусийн дэгдэлт үргэлжилж, эдийн засгийн гадаад, дотоод нөхцлийг богино хугацаанд өөрчилж, тодорхой бус байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эдийн засгийн идэвхжилийг бууруулах, бизнесийн үйл ажиллагааг хумих, зээлийн эргэн төлөлтөд нөлөөлөх байдал үүсэж байна.

Иймээс вирусээс үүдэлтэй эдгээр хүндрэлийг бууруулах, цаашид эдийн засгийн идэвхжилийг дэмжихэд чиглэсэн мөнгөн бодлого, макро зохистой бодлогын шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тиймээс эдийн засгийн идэвхжилийг дэмжихийн тулд бодлогын хүүг бууруулахын зэрэгцээг хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар нэг удаа сунгаж, зээлийн сарын эргэн төлөлтийг бууруулах бодлогын багц шийдвэрийг гаргаж байна” хэмээлээ. 

Тэгвэл  Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Зээлийн эргэн төлөлтийн хугацааг нь сунгаж байгаа нь ямар нөлөөтэй вэ гэхээр, тухайн зээлдэгчийн арилжааны банк руу зээлийн эргэн төлөлт хэлбэрээр төлж байгаа мөнгө дүнг бууруулж өгч байгаа.  Хугацаа сунгахаар сард төлж байгаа төлбөрийн хэмжээ буурна гэсэн үг. Бидний тооцож байгаагаар сард төлж байгаа төлбөрийн хэмжээ 20 орчим хувиар буурна. Тэгэхээр зээлдэгчийн гар дээр үлдэж байгаа мөнгө 20 орчим хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Тэр мөнгөө иргэн хэрэглээндээ зарцуулж болно. Эсвэл хуримтал руугаа оруулж болох юм. Энэ нь өөрөө эдийн засагт бодит дэмжлэг болж өгнө гэсэн үг. 

Хэрэглээ яагаад дэмжигдэх нь чухал байгаа юм гэхээр, нийт эдийн засгийн 60 орчим хувийг өрхий хэрэглээ тодорхойлдог. Тиймээс өрхийн хэрэглээг дэмжих нь аж ахуйн нэгжүүдийн борлуулалтыг дэмжихэд чиглэсэн гэсэн үг" хэмээлээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ