Москвад коронавирусийн тохиолдол олширч байгааг ДЭМБ тайлбарлав
Сүүлийн арван өдөр нийслэлийн оршин суугчид тайвширч байгаагаас коронавирусийн халдвар авсан хотын оршин суугчдын тоо олширчээ гэж Орос дахь ДЭМБ-ын төлөөлөгч Мелита Вуйнович “Ням гарагийн орой” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн байна. ТАСС агентлаг телевизийн “Россия-1” сувгийг иш татан ингэж мэдээлжээ.
“Харамсалтай нь, цаг агаар дулаарч, хүмүүс тайвширч байна. Халдвар авагсдын тоо тийм олон биш байгаа нь хүмүүст тайвширах боломж олгож, энэ өвчин надад хамаагүй” хэмээн тэд бодож байна гэж тэр тэмдэглэжээ.
Ажлын бус хоёр дахь долоо хоногийн үед иргэд “тайвширчихлаа” гэж Москва хотын даргын нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Анастасия Ракова мэдэгдсэн юм. Түүний хэлснээр, өөрийгөө тусгаарлах горимыг зөрчих тохиолдол олширсон байна. Үүнтэй холбогдуулан хязгаарлалтыг чангатгаж, тухайлбал тусгай баримт бичгээр гадагш гарах журам нэвтрүүлэх болсныг тэр тодруулан тайлбарлажээ.
Тийнхүү ийм бичиг баримтгүй гадагш гарсан хүмүүсийг торгох болсон байна.
Орост шинэ коронавирусийн дэгдэлтийн хурдац буурахгүй байгаагүйгээр барахгүй, бүр эрчээ авсаар байгаа аж. Өнгөрсөн долоо хоногийн туршид өдөр бүр нэг мянга гаруй тохиолдол илэрч байсныг эмч нар бүртгэж авчээ. Сүүлийн 24 цагт хоёр мянга гаруй хүн өвчилсөн байна. Тус оронд нийтдээ бараг 16 мянган хүн өвчилжээ. Эдгэрсэн хүн нэг мянга гаруйхан байна. Нас баралтын тоо 130 хүрээд байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ