Ө.Энхтүвшин: Гадаадад байгаа монгол иргэдийн асуудлаар НҮБ-д хүсэлт тавьсан

УИХ-ын чуулганы хуралдаанаар короновирусийн халдварын тархалтын эрсдэл өндөр хэвээр байгаа энэ үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар гишүүдийн тавьсан асуулгын хариуг сонсож байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулга хийлээ. Тэрээр “Халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулахад эрүүл мэндийн байгууллагын 13745, цагдаагийн байгууллагын 920, Онцгой байдлын байгууллагын 530, Мэргэжлийн хяналтын байгууллагын 1950, бусад төрийн захиргааны байгууллагын 1200, аж ахуйн нэгжийн 303, нийт 18648 хүн ажиллаж байна. Энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс гадаад улсаас эх орондоо буцаж ирэх хүсэлт гаргасан нийт 6259 хүнийг зохион байгуулалтайгаар татан авч 4367 хүнийг тусгаарласан байна. Гадаад орны Засгийн газар болон олон улсын байгууллагуудын зээл, буцалтгүй тусламжаар нийт 179.7 тэрбум төгрөгийн санхүүжилт авч эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуурын санхүүжилтийг шийдээд байна” гэлээ.


Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авав. Тухайлбал, УИХ-ын Д.Тэрбишдагва гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдээ хэрхэн анхаарах талаар тодрууллаа. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин одоогоор 6000 гаруй иргэн орондоо ирэх хүсэлт тавьсныг дурдаар НҮБ-д хандсан талаараа мэдээлэв. Тэрээр “НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гадаадад санхүүгийн хүндрэлтэй, орон гэргүй хүнд нөхцөлд байгаа иргэдэд нэн шаардлагатай дэмжлэг үзүүлдэг.  Тиймээс энэ байгууллагад хүсэлт тавьсан. Ойрын хугацаанд хариу ирүүлэх байх. Засгийн газар энэ чиглэлээр тооцоо судалгаа хийж байна. Нэн хүндрэлтэй иргэдээ татаж авахаас гадна ийм нэмэлт арга хэмжээ авна гэж бодож байгаа” гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин