Дэлхийн банкнаас олгох 26.9 сая ам.долларын санхүүжилтийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа
Монгол Улсын Засгийн газар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, халдварыг оношлох, эмчлэх чиглэлээр Олон улсын байгууллагуудтай хамтран яаралтай төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног, төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх Дэлхийн банкны 26.9 сая ам.долларын “Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төслийн санхүүжилтийн хэлэлцээрт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев нар өнөөдөр гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд Хан-Уул дүүрэгт байрлах 300 ортой төрөх эмнэлэг, АШУҮИС-ийн дэргэдэх сургалтын эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв эмнэлэг болон Нийслэлийн 9 дүүргийн нэгдсэн эмнэлэг, орон нутаг дахь нэгдсэн эмнэлгүүдийг 1000 орчим нэр төрлийн 11 500 гаруй тоног төхөөрөмжөөр хангаж, 1000 ортой эмнэлэг дэлгэн ажиллуулах боломж бүрдэх юм.
Зээлийн санхүүжилтийг Дэлхийн банкны 2 өөр байгууллагаас олгох бөгөөд Олон Улсын хөгжлийн ассоциацаас 13.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Олон улсын сэргээн босголт, Хөгжлийн банкнаас үлдсэн 13.8 сая ам долларын зээлийг тус тус 30 жилийн хугацаатай, эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр олгож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ