Британийн ерөнхий сайдыг эрчимт эмчилгээний тасагт шилжүүлжээ
Коронавирусээс болоод Британийн ерөнхий сайд Борис Жонсоны бие муудсан учир түүнийг Лондоны Сент-Томасын эмнэлгийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн байна.
Жонсоны хүссэнээр “шаардлагатай бол” ерөнхий сайдын албан тушаалд түүнийг Гадаад хэргийн сайд Доминик Рааб орлоно гэж ерөнхий сайдын хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлжээ. Жонсонд “эмнэлгийн маш сайн тусламж” үзүүлж байгаа гэж тэр бас мэдэгдсэн байна.
“Өнөөдөр (даваа гарагт – ред.,) ерөнхий сайдын бие муудаж, эмчлэгч эмч нарын зөвлөсний дагуу түүнийг эмнэлгийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт шилжүүлсэн юм” гэж ерөнхий сайдын өргөөнөөс мэдээлжээ.
Өнгөрсөн ням гарагт коронавирусийн халдварын “илэрхий шинж тэмдэг” илэрсэн 55 настай Жонсоныг Лондоны Сент-Томасын эмнэлэгт хэвтүүлсэн байна. Миний бие сайн, багийнхантайгаа холбоотой ажиллаж байгаа гэж хэдэн цагийн дараа ерөнхий сайдын Твиттерт бичжээ.
Жонсон эмнэлэгт эмч нарын ажиглалтад байгаа гэж даваа гарагийн өдөр ерөнхий сайдын албан ёсны төлөөлөгч мэдээлсэн юм. Жонсоныг хиймэл амьсгалын аппаратад залгасан гэх мэдээ худал байжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ