Коронавирусийн халдвартай Их Британийн ерөнхий сайд эмнэлэгт хэвтжээ

      Коронавирусийн халдвар авчээ гэсэн онош тавигдсан Их Британийн ерөнхий сайд Борис  Жонсоныг ням гарагт эмнэлэгт хэвтүүлсэн байна. Урьдчилан сэргийлэх үүднээс ийнхүү хэвтүүлснийг Засгийн газрын тамгын газраас мэдээлжээ.  Вирусийн шинжилгээ эерэг гарснаас хойш арван өдрийн дараа ч Ерөнхий сайдад коронавирусийн шинж тэмдэг хэвээр байсан байна.

РИА Новости агентлагийн мэдээлснээр, Жонсоныг хиймэл амьсгалын аппаратад оруулжээ.

Жонсоны зэрэгцээ, түүний бие давхар сүйт бүсгүй Керри Саймондс ч халдвар авсан байна. Түүнчилэн хатан хааны хүү Уэльсийн хунтайж Чарьлз, Эрүүл мэндийн сайд Миэтт Хэнкок  нар коронавирусийн халдвар аваад байгаа бөгөөд тэднийг эдгэрч байгаа талаархи сайхан мэдээ байна.

Сүүлчийн мэдээгээр, Их Британид коронавирусээр 5 мянган хүн нас барж, 48 мянга орчим хүн халдвар аваад байгааг хэвлэлд бичиж байна.

Ням гарагт Их Британийн хатан хаан хоёрдугаар Елизавета үг хэлж,  хувийн сахилгыг чанд сахиж, сэтгэл санаагаар  тайван байхыг иргэддээ сануулжээ. Тухайлбал, коронавирусийн цар тахлын үе нь “зарим хүнд уй гашуу, олон хүнд санхүүгийн бэрхшээл, харин бүх хүний өдөр тутмын амьдралд ер бусын түвэг авчирсныг хатан хаан тэмдэглэсэн байна. Гэхдээ цагийн эрхээр улс орны амьдрал хэвийн голдрилдоо орно гэж хатан хаан өөрийн харъяатуудад амлажээ. 

Covid-19-ийн цар тахалд илүүтэй өртөж байсан хоёр орон – Итали, Испанид сүүлийн  гурван өдөр дараалан нас барагсдын тоо үргэлжлэн буурсан нь халдварын оргил үе өнгөрч байж болох юм гэсэн найдлага төрүүлж байна.

Б.Атар


СЭТГЭГДЭЛ БИЧИХ