Г.Ганзориг: Манай улсад нэг ч хүний нэр дээр тэтгэврийн хуримтлал үүсдэггүй

Энэ удаагийн ярилцлагадаа эдийн засагч Г.Ганзоригийг урьж оролцуулж байна. Түүнтэй тэтгэвэрийн реформ хийх боломж болон үр дүнгийн талаар ярилцлаа.

- Сүүлийн үед нийгэмд “тэтгэвэрийн реформ” гэх сэдэв газар авч, хүн бүр энэ сэдвийг тойрон санал, бодлоо илэрхийлж байна. Тэгвэл “тэтгэвэрийн реформ” гэдэг ойлголтыг та энгийн үгээр тодорхойлж өгөөч?

- Ре гэдэг бол дахин гэсэн үг. Формгэдэг бол хэлбэр дүрс гэсэн утгатай. Тэгэхээр тэтгэврийн тогтолцоог дахин шинэ хэлбэр дүрсэнд оруулах буюу цогц шинэчлэл хийх тухай юм л даа. Зүгээр нэг шинэчлэл ч юм уу. Өөрчлөлт гэхээр бага зэргийг засвар хийгээд болчих юм шиг ойлголт төрүүлнэ. Харин Реформ гэхээр бүр сууриар нь өөрчилж, тэс өөр болгоно гэсэн үг.

- Тэтгэвэрийн реформ нь манай улсад зайлшгүй хийх шаардлагатай шинэчлэл мөн үү. Тийм бол яагаад?

- Манай улсад нэг ч хүний нэр дээр тэтгэврийн хуримтлал гэж зүйл үүсдэггүй. Иргэдийн тэтгэврийн даатгалын санд төлж буй мөнгө тухайн жилийн тэтгэвэрт буй хөгшчүүлийн тэтгэвэрт л гарчихдаг. Өөрөөр хэлбэл хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л явдаг гэсэн үг. Үүнийгээ орлогын дахин хуваарилалтын тогтолцоо гэж буй юм. Тэгээд ч болоогүй тус санд цугларсан мөнгийг зүгээр байлгахгүй, чанаргүй санхүүгийн фирмд хийж дампууралд хүргэдэг гээд бод. Тэгснээ жил бүр улсаас 500 орчим тэрбум төгрөгийн татаас авна шүү дээ. Ерөөсөө л маш буруу тогтолцоо бүрдсэн байгаа юм.

Гэтэл дэлхийн хамгийн сайн тэтгэврийн тогтолцоо нь хуримтлалын буюу хувь хүн бүр өөрийн дансандаа, ирээдүйд тэтгэвэртээ гарах мөнгөө хуримтлуулдаг, түүгээрээ хөрөнгө оруулалт хийж, дахин нэмэгдүүлж байдаг аж. Өөрөөр хэлбэл залуус ажил хийх хугацаандаа тэтгэврийн сандаа төлж буй мөнгө нь зөвхөн өөрт нь зарцуулагдах ба өөрийнх нь цуглуулсан мөнгө нь хөрөнгө оруулалт хийгдэж, улам бүр нэмэгдэнэ гэсэн үг. Ингэж л тэтгэвэрт гарах үедээ жаргалтай амьдрах суурь нь бүрддэг гэх үү дээ. Үүнийг маш олон улсын жишээнээс харж болно.

- Тэтгэврийн реформ хийх нь зөвхөн ахмад настай хүмүүст хамаарах зүйл биш. Залуус энэ асуудлыг ямар өнцгөөс яаж харж, хэрхэн оролцох ёстой вэ?

- Бүр харин ч залууст хамаатай асуудал шүү дээ. Хүн болгон л тэтгэвэрт гарна, тэр насанд очно. Дээр нь энэхүү тэтгэврийн тогтолцооны шинэчлэл нь нэг өдөр хийгдээд, төгс болчих зүйл биш. Шат дараатай, системтэй хийгдэх ёстой зүйл. Хугацааны явцад төгөлдөршинө. Тэгэхээр өнөөгийн залуус энэхүү реформыг идэвхтэй дэмжвэл ашиг, шимийг нь хамгийн их хүртэх хүмүүс юм л даа.

Яаж оролцох вэ гэдэг бол харин маш энгийн буюу нийт 3.3 сая иргэн бүгд л нэгдмэл нэг ойлголттой болох учиртай байгаа, үүнд л туслах хэрэгтэй байна. Бид хэд “Тэтгэврийн Реформ Хөдөлгөөн” гээд Facebook хуудас нээсэн ба түүндээ тогтмол тэтгэврийн тогтолцооны талаарх мэдээлэл түгээж байгаа. Тэрхүү хуудсыг дагаад, мэдээллүүдийг нь ойлгож, орчин тойрны хүмүүстэй хүргэхэд л болох юм. Ийнхүү нийт ард иргэд бүгд энэхүү тогтолцооны гажуудлыг ойлгож, бас ямар шийдэл байгааг ойлгож чадвал энэ нь нийгмийн захиалга болно. Улмаар энэхүү реформ хийгдэхгүй байх нөхцөлгүй болно гэж харж байгаа. Хууль санаачлагч, улс төрчид гэдэг нь яг үнэндээ нийтийн үйлчлэгч шүү дээ. Тийм болохоор иргэд бүгдээрээ, нэгдмэл дуугаар юу хийлгэх захиалгаа өгье л гээд буй хэрэг. Хэрэв бүгд нэгдсэн ойлголтгүй бол ямар нэгэн буруу, зөрүү хууль гарах эсвэл энэхүү алдаатай тогтолцоо цаашид олон жил үргэлжлэх эрсдэлтэй.

- Таны бодлоор монголчууд өнөөдрийг хүртэл тэтгэвэрийн реформ хийж чадаагүй шалтгаан нь юу вэ?

- Олон шалтгаан байгаа байх. Нэгт, бид үүнийгээ асуудал гэж олж харахгүй буюу товчоор ойлгохгүй байна. Хоёрт, өмнө нь хийнэ гээд маш олон баримт бичигт тусгасан байсан зүйлийг хойшлуулан, албан тушаалтнууд нь өөрөөсөө холдуулж байна. Гуравт, одоо байгаа тогтолцоо нь зарим хүмүүст ээлтэй буюу хувийн ашиг сонирхол ордог болов уу гэж айж байна. Гэхдээ ингээд хэн нэгнийг зэмлэх гээд ч юм уу буруутан хайгаад хэзээ ч бүтэхгүй. Тэр өнгөрсөн ямар ч хамаагүй, өмнө буруу явжээ гэдгээ хүлээн зөвшөөрөөд л, одоо реформоо хийе.

- Яг одоо энэ шинэчлэлийг хийж эхлэх бол хамгийн эхний алхам нь юу байх вэ?

- Өмнө нь хэлсэнчлэн нийт иргэд ойлгох хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ асуудал цөөн хэдэн хүн хоорондоо тохироод хийчих зүйл биш. Нийтээрээ нэгдсэн хэлцэлд хүрэх учиртай. Улмаар нийгмийн захиалга үүснэ. Үүний дараагаар тэрхүү захиалгыг биелүүлэх хууль гарах учиртай. Энэхүү хууль маш нямбай байх нь чухал. Мөн одоо байгаа заримт хуульд ч өөрчлөлт орох шаардлагатай болно. Том өөрчлөлт шүү дээ. Үүний дараа зохицуулах байгууллагуудад тодорхой алба, нэгжүүд үүсч хатуу хяналтыг тогтолцоог нэвтрүүлэх зайлшгүй шаардлага үүснэ. Төсөвт ирэх дарамтаа харна. Зах зээлийн боломжоо тооцно. Ингэж л тэтгэврийн сангууд, тэтгэврийн хуримтлалууд үүсч эхлэнэ дээ.

- Энэ ажлыг хийхэд урьдчилсан байдлаар хэдий хэр хугацаа шаардлагатай болох бол?

- Манайх тэтгэврийн тогтолцоондоо реформ хийлгүй олон жил явсан. Энэ хугацаанд бусад улсууд хийгээд, алдаж, оноод, юу зөв болох юу буруу болохыг бидэнд харуулчихлаа л даа. Хоцорч буй хүмүүсийн нэг давуу нь л тэр юм даа. Ингээд харахад шилжилтийг хэт огцом хийх нь аюултай байдаг юм билээ. Бид тооцож үзсэн. Үүнд төсөвт ирэх дарамт, зах зээлийн боломжоо харахад шилжилтийг 5 – 10 жил дамнан хийхээр харагдаж байгаа. Гэхдээ энэ нь одоо эхэлбэл шүү дээ. Хэрэв 5 жилийн дараа эхэлбэл асуудал улам бүр хүндэрч шилжилт хийхэд төдий чинээ хүнд болно. Сүүлдээ бүр боломжгүй болно.

Намайг 5 – 10 жил гээд хэлчихээр аан заза гээд эхлэхгүй байх вий гэж айж байна. Яг одоо хууль тогтоомж гараад, шилжилт эхлэхэд ийм хугацаа зарцуулна гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Олон жил энэхүү хуримтлалын тэтгэврийн тогтолцоог зүгээр цаас төдий байлгасан, цаг нь болоогүй гэж зарим хүмүүс хэлэхийг ч сонсож байсан. Одоо дахиад л алгуурлаад байвал хэзээ ч шийдэж чадахгүй болох вий л гэж айж байна.

- Тэтгэврийн реформ хийхэд заавал улстөрчидын нөлөө хэрэгтэй юу?

- Нөлөө хэрэгтэй байлгүй яах вэ. Гэхдээ хамгийн нөлөөтэй хүн биш л дээ. Хамгийн чухал нөлөөтэй хүн нь иргэд бид шүү дээ. Бид тэдэнд юу хийлгэх захиалгаа өгөх ёстой. Зүгээр нэг “бэлэн мөнгө өгөөч” гээд суугаад байвал улс төрчид ямар нэгэн арга олоод л буруу байсан ч бидэнд өгчихнө. Ингээд улс төрчид, ард иргэд бүгд нийлээд улсаа хорлож болдог. Харин бид зөв захиалга өгөөд, тогтолцооны алдааг засаач гэж хэлбэл бас өөр шүү дээ. Ингэж хамтдаа улсаа аварч болно.

- Яг энэ шинэчлэлийг бүрэн утгаар нь хийж чадсан дэлхийн ямар туршлагууд байдаг вэ?

- Дэлхийн хамгийн сайн тэтгэврийн тогтолцоог харахаар дандаа хуримтлалд суурилсан эсвэл хосолсон байдаг. Үүнд Нидерланд, Дани зэргийг дурдаж болно. Тийм ч болохоор маш олон улсууд шилжилтийг хийсэн. Үүнд өмнө нь зөвлөлт холбоот улсын харъяа байсан улсууд голлон хамаарна. Жишээ нь Казахстан 1998, Унгар 1998, Польш 1999, Латви 2001, Болгар 2002, Хорват 2002, Эстони 2002, ОХУ 2002, Литва 2005, Словак 2005 улсууд тэтгэврийн реформ хийсэн байдаг. Эдгээр реформуудад мэдээж алдаа, оноо гээд олон зүйл байгаа. Тэгэхээр яг л энэ эсвэл тэр гэхээсээ илүүтэйгээр бүгдээс нь л сурах зүйл, ойлгож авах зүйлс байгаа гэсэн үг.

- Тодорхой шатанд шийдэгдээд,  тэтгэвэрийн реформыг хийлээ гэж бодоход эхний үр дүн нь юу байх вэ?

- Иргэд л өөрийн гэсэн тэтгэврийн хуримтлалтай болно доо. Зүгээр 100 хувь иргэний өнцгөөс харвал яг л хадгаламж шиг хүссэн үедээ ороод харчихаж болдог хувийн данстай болно. Ийнхүү ирээдүй нь баталгаажиж эхэлнэ. Хэн нэгэнд биш өөртөө ийнхүү мөнгө хуримтлуулж эхэлнэ. Цаг нь ирэхэд дэлхийг тойрч аялах мөнгө нь бага багаар үүснэ. Өөрөө өөрийнхөө ирээдүйн өмнө хариуцлага хүлээж эхэлнэ. Харин макро түвшинд авч үзвэл Монголын иргэн бүр хуримтлалтай болно, зах зээлд урт хугацааны мөнгө бий болно. Эдийн засагт үлэмж дэмжлэг болно. Үгүй мөн олон эерэг үр дүн ээлж дараалаад л гарна даа.

М.Дэлгэрэх

Bataar.mn 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ