Олимп хойшилчихлоо, одоо сонгуулиа хойшлуулчихвал яасын?
Токио хотын захирагч Юрико Койкэ ирэх долоодугаар сарын 24-нд нээх байсан олимпын тоглолтыг хойшлуулж байгаагаа албан ёсоор зарлалаа. Дэлхий нийтийг нөмрөөд буй цар тахлын дэгдэлтээс болоод олимпыг хойшлуулах тухай таамаг яриа эртнээс гарч байсан юм. Үзэгчгүй сумо барилдуулж болоод байгаа япончууд үзэгчгүй олимп зохион байгуулахыг санаархаж зүрхэлсэнгүй. Энэ нь угаасаа аль ч талаасаа бүтэхгүй зүйл.
Үнэндээ Канад, Австрали зэрэг улсуудаас эхлээд тамирчдаа Токиод илгээхгүй гэж мэдэгдэж эхэлсэн нь бодит шалтгаан болж эхэлсэн. Ямартай ч ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах, Японы Ерөнхий сайд Ш.Абэ нар утсаар харилцан тохиролцоонд хүрч, Токиогийн олимпыг нэг жил орчим хугацаагаар хойшлуулахаар боллоо.
Олимп хойшилчихлоо. Одоо харин бид яах ёстой вэ?
Ерөөсөө сонгуулиа хойшлуулая.
Малийтал инээсэн, марзан, ухаантай, зальтай, ичгүүр сонжуургүй, эрээ цээрээ алдсан, эргүү галзуу хүмүүсийн үнэн дүр төрхийг харж таньж чадахгүй "маск"- тай сонгууль явуулж байснаас бага ч болов хугацаагаар хойшлуулсан нь дээр. Эрх баригчдын үнэн дүр төрх ч бас энэ маскны цаана нуугдсаар мартагнаад үлдэнэ. МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хэлсэнээр маскны цаана ЖДҮ, 60 тэрбум, концесс, хүчин, хүн амины хэргийн хамсаатнууд нуугдаж сонгогчдыг төөрүүлж, мартагнуулж орхино. Хуучин гэмт хэрэгтнүүдээ сонгохгүй гээд шинээр галзуучуудыг сонгомооргүй л байна. Тэднийг шар хаданд оношлуулж чаддаггүй юмаа гэхэд царай зүс, үг үйлдэл, үнэн дүр төрхөөр нь гүйцэд таниж, сайтар цэнгэн хөгжилдсөний дараа саналаа өгөх хэрэгтэй шүү дээ. Коронадуулсан "масктай сонгууль" сонгогч маньд биш сонгогдох тэдэнд ашигтай болчихоод байна л даа. Эрх баригчдад бол бүр ч илүү ашигтай байж мэднэ.
Сонгуулиа хойшлуулаад энэ хэдийгээ хэдэн сараар сунгаад ажиллуулчихвал харин тэнгэрийн замууд тавиад, тэнгэрийн гудамж талбай тохижуулаад агаардаад алга болдог юм боловуу яадаг юм бол?
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ