"МАСК"-ТАЙ СОНГУУЛИЙН ДАРАА МАН, МАХН-ЫН АЛЬ АЛЬ НЬ БАЙР ӨГӨХ ЮМУУ?

      УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн тов ирэх зургадугаар сарын 24-нд хэмээгдэн итгэл үнэмшил муутайхан л сонсогдож байна. Учир нь дэлхий нийтээрээ шахуу коронавирусийн аюултай эрслэн тэмцэж байгааг хүн бүр нэгэнт мэднэ. Гэвч бараг сүүлийн 30-аад жил эх орныхоо хөгжлийн төлөө тэмцэж "маск"-тай шахуу явж ирсэн манай улс төрчдийн үнэн нүүр царайг харах угаасаа амаргүй болохоор яаж ийгээд сонгуулиа хийчихнэ. Харин энэ удаагийн сонгууль бас л эрх баригчдын үнэн нүүр царайг харах боломжгүй "маск"-тай сонгууль болох нь тодорхой боллоо.       

     Хуулийн дагуу энэ сарын 25-наас өмнө сонгуульд оролцох хүсэлтэй нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө баталж Үндэсний аудитын байгууллага тэргүүтэнд хүргүүлж байгаагаа өчигдөр мэдэгдлээ. Мөрийн хөтөлбөр нэртэй популист утоп хүсэлтээ яаруу сандруу аваачаад өгчихдөг байдал улс төрийн намуудаас салах нь бүү хэл, улам ужигарч яг л корона шиг халдварладаг бололтой юм.

    Өмнө нь МАХН бараг л бүх иргэддээ байр өгнө хэмээн бүртгэхэд түүнд нь итгэсэн сэхээтнүүд хүртэл оочерлож байхыг хараад мэл гайхаж байсан бол өчигдөрхөн МАН бас л нийгмийн даатгал төлдөг иргэн бүрийг байртай болгох тухай мөрийн хөтөлбөрийг хүргүүлжээ. МАХН-аас илүү нь бүр байрныхаа метр квадратыг хүртэл заачихсан байх жишээний. Ийнхүү топ намууд энэ удаагийн сонгуульдаа бүр улам их популист , үл гүйцэлдэх мөрийн хөтөлбөрөөр уралдах нь тодорхой байна.  Иргэд сонгогчид ийм зүйлийг өөгшүүлж сонголтоо хийгээд хулхиараа ганц авхуулдаг болохоор манай улс төрчдийн буруу нь ч юу байхав. Ямартай ч "Маск"-тай сонгуулийн дараа МАН, МАХН-ын аль аль нь байр өгөх боломжтой юм байна гэж ойлголоо. 

 За тэгээд хуулиараа сонгуулийг товлон зарлахаас өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намууд эвсэл байгуулж, сонгуульд өрсөлдөх эрхтэй байдгийн дагуу энэ удаагийн сонгуульд гурван ч эвсэл УИХ-ын сонгуульд оролцохоо албан ёсоор мэдэгдээд байна. Өөрөөр хэлвэл гуравдахь хүчний орон зайг гурван эвсэл булаалдаж, ээлжилж эрх баридаг хоёр том намд "хоол" болох магадлал бий болчихлоо. Тэгээд ч энэ удаагийн сонгууль бол яалтчгүй "маск"-тай сонгууль.Үүгээрээ бүр их давуу талтай юм шүү дээ.


Д.Оюу    


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин