МАН: Нийгмийн даатгал төлдөг хүн бүрийг 50 м/кв байртай болгох бодлого барина
МАН өнөөдөр Бага хурлаа онлайн хэлбэрээр зохион байгуулж байна. Уг бага хурлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ удирдан чиглүүлж байгаа бөгөөд хот, хөдөөгийн 38 газраас шууд холбогдож байгаа аж. Улмаар мөрийн хөтөлбөрөө эцэслэн танилцуулж, санал солилцож буй юм. Тухайлбал, МАН-ын мөрийн хөтөлбөрт “Импортлогч улсаас экспортлогч улс" болох зорилт дэвшүүлжээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ "МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой түвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацыг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан.
Нийгмийн ардчилсан үзэлтэй МАН-ын хувьд эрүүл мэнд, боловсролын асуудал анхаарал татсан хоёр чухал багана гэж ойлгож болно. Эрүүл мэндийн салбарт оношилгоог нэгдсэн стандартад оруулах том зорилт дэвшүүлж байгаа. Тодруулбал, иргэн жилд нэг удаа заавал оношилгоо хийлгэж хавдар болон бусад өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болох гэх мэт. Боловсролын хувьд тогтолцооны реформууд хийгдэхээр байна.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр тулгуурлах 52 хууль байгаа. Тэдгээрийн дотор улс төрийн намуудын хариуцлагыг нэмэгдүүлэх, мөрийн хөтөлбөрийг урт хугацаагаар төлөвлөх, төрийн албан хаагчдыг тогтвортой ажиллуулах үндсэн зорилтууд тавигдсан.Төвлөрлийг сааруулах том цогц бодлого орж байгаа. Мөрийн хөтөлбөрийн таван үндсэн бүлэг дээр товч тайлбар хийхэд ийм байна" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ