Хахууль авсан гэх ЗТХЯ-ны хэлтсийн даргыг хятад иргэнтэй хамт шүүнэ

Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга хээл хахуулийн хэрэгт холбогдон, саатуулагдсан хэрэг өнгөрсөн оны төгсгөлд гарсан билээ. 

Тодруулбал, тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажилд гүйцэтгэгчээр оролцож буй БНХАУ-ын компаниас 20 мянган юанийн хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан. 

Бусдад хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татагдсан БНХАУ-ын иргэн “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн захирал Лиу Хонниан өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар, шуурхай шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргажээ. 

Уг хүсэлтийг нь прокурор хянаад Х.Оргил-Эрдэнэд холбогдох хэргээс Лиу Хоннианы үйлдлийг тусгаарлан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Харин шүүхээс хэргийг хянаад хялбаршуулж дангаар нь шийдэх боломжгүй, хахууль авагч этгээдтэй нь нэгтгэн шийдвэрлэнэ хэмээн прокурорт буцаажээ. 

Шүүхийн энэхүү шийдвэрийг хяналтын прокурор эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ч хүлээж аваагүй байна. 

Ийнхүү хахууль өгсөн хятад иргэн, түүнийг нь авсан ЗТХЯ-ны хэлстийн дарга нар хамт шүүгдэхээр болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин