З.Энхболд: Би “Страто” компанитай ямар нэгэн холбоо байхгүй

    АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд Төрийн ордонд өнөөдөр /2020.03.16/ мэдээлэл хийлээ.

З.Энхболд:

 -Д.Сумъяабазар Тавантолгойн хувьчлалаас 5.2 тэрбум ам.доллар олно гэж ярьж явсаар байгаад УИХ-ын 73 дугаар тогтоолыг батлуулсан. Гэвч Эрдэнэс Тавантолгойг хувьчлаад олох гэж байсан мөнгөний хэрэгцээ байхгүй болсон болохоор УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох хэрэгтэй. 

Бүтээн байгуулалт хийгээд үндсэндээ дуусч байхад үүнийг зарах хэрэг юу байна. Тавантолгойн хувьчлалыг эсэргүүцэхээр над руу гүтгэлэг явуулж эхлээд байна.

Нэгдүгээрт, намайг Тавантолгойд машин явуулдаг гэсэн. Би тэнд машин явуулах нь битгий хэл хувьдаа суудлын тэрэгч үгүй хүн.

Хоёрдугаарт, “Хишиг арвин” гэдэг компанитай намайг холбоотой мэтээр гүтгэж эхэлсэн. Би тэр компанитай ямар ч холбоогүй. 

Одоо ахиад “Страто” гэдэг компанитай холбоотой мэтээр гүтгэж байна. “Страто” бол нүүрс угаах чиглэлээр байгуулагдсан, би тэр компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Би Тавантолгойг яриагүй бол ийм довтолгоо ирэхгүй байсан байх. 

Хэрэв Д.Сумъяабазар сайдын ярьж байгаагаар хувьчилбал ирэх жилээс ногдол ашиг байхгүй болно. Яагаад гэвэл хамгийн үнэ цэнэтэй коксжих нүүрсийг нь тасалж аваад өөр компанийнх болгосон. Тэрнийхээ 30 хувийг 5.2 тэрбум ам.доллараар зарна гэж байснаа одоо нэг тэрбум болчихоод байна. 

 Тавантолгойг үнэгүй авах гэсэн төсөл Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдоржийн үед зогссон. Одоо Д.Сумъяабазар, У.Хүрэлсүх нар ямар нэг аргаар авах гэж байна. 

Д.Сумъяабазар бөх барилдахдаа сайн байж болно. Гэхдээ би хоёр жилийн хугацаанд номыг нь үзсэн хүн. Тэгэхээр IPO дээр надтай маргалдах хэрэггүй. Энэ бол өмч хувьчлал. 

     Нийт монголчуудын өмчийг зарах асуудалд нууцлаад байх зүйл байхгүй. Эрдэнэс Тавантолгой”-г хувьчлаад олох гэж байсан мөнгөний хэрэгцээ алга болсон учраас УИХ-ын 73 дугаар тогтоолыг нэн даруй хүчингүй болгох хэрэгтэй. Д.Сумъяабазарын төлөвлөсөн нэг тэрбум ам.доллар хүрэхээргүй боллоо. Удахгүй хэдэн зуун сая ам.доллараар зарах тухай ярьж эхлэх байх. Одоо Тавантолгойг хувьчилдаг цаг үе нь биш. Өөрийнх нь орлогоор бүтээн байгуулалтаа хийгээд дуусаж байгаа учраас үүнийг зарах хэрэг юу байна вэ гэж УИХ-ын гишүүд болон ҮАБЗ-ийн гурван гишүүнд хандаж байна. Энэ шийдвэрээ хурдан албажуулахгүй бол IPO хийх нэрээр баахан мөнгө үрдэг. Одоо хэдэн арван сая доллар үрэхээр бэлдэж байна. Д.Сумъяабазар сайд аа, мөнгө үрэхээ одоо зогсоох хэрэгтэй” гэв.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин