Улсын Онцгой комисс хуралдаж, гаргасан шийдвэрүүд

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцууллаа.

   Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнөөдөр 10:00 цагаас Засгийн газрын хуралдаан болж, тодорхой чиглэлүүдийг гаргасан. 14:00 цагаас УОК хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Юуны түрүүнд коронавирус илэрсэн Францын иргэнтэй хавьталд орсон иргэдийг яаралтай олж тогтоох, тусгаарлах, шинжилгээнд оруулах шийдвэр гарсан. Энэ  ажлын явцтай танилцлаа.

     Мөн Солонгос болон Японд байгаа яаралтай эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг чартерийн нислэг үйлдэн авах болсныг мэдэгдлээ. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн эхчүүд мөн бага насны хүүхдийг авахаар төлөвлөж байна. 

   Хоёрдугаарт, өглөө Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг зогсоож байгаа талаар мэдээлсэн. Мөн Олон улсын нислэг, төмөр зам болон авто замаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ асуудлуудаар УОК-ын гишүүд товч мэдээлэл хийнэ" хэмээлээ. 

 ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан: Зах зээлийн хангамж тогтвортой байгаа энэ үед хэт нэмэгдсэн хэрэглээ бий болгох нь үнийн савалгаа үүсгэнэ. Иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлагагүй. Улаанбаатар хотод гэхэд мах өдөр бүр тогтвортой нийлүүлэгдэнэ.

Манай улсын иргэд энэ цаг үед зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэлгүй хүнсийг хэмнэлттэй, зохистой хэмжээгээр нөөцлөн аливаа асуудалд ухамсартай хандахыг уриаллаа.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: 

-Франц улсын иргэн 3 сарын 2-нд "Аэрофлот"-ын онгоцоор Улаанбаатарт ирсэн. 2-6-нд Улаанбаатарт ажилласан. 6-нд Сайншандын галт тэргээр явж, Дорноговийн Улаанбадрах суманд очсон. 7-нд халуурч байна гэсэн дуудлагыг сумын эмнэлгийн байгууллагад гаргасны дагуу очиж хэмжихэд 37,4 хэм байсан. 8-нд 38 хэм хүрсэн учир шинжилгээг ХӨСҮТ рүү явуулсан. Харин урьд шөнө 02 цагт шинжилгээний хариу "эерэг" гарсан. 

Энэ хүн хотод 40, хөдөө орон нутагт 80 хүнтэй шууд тулж уулзсаныг тогтоогоод байна. Давтан шинжилгээний хариу 24 цагийн дотор гарна.

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан

"Хөдөлгөөн хязгаарлаж, зогсоож байгаа. Монголд короанвирусийн шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан тархалтыг тогтоон барих үйл ажиллагаа юм. Өнөөдөр өглөө 06:00 цагт хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн нислэг, хувийн тээврийг гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл зогсоосон. Өглөөний 06:00 цагийн байдлаар АТҮТ-өөс өгсөн мэдээллээр орон нутаг руу 22 тээврийн хэрэгслээр 550 зорчигч явж байсан. Орон нутгаас нийслэл рүү 21 тээврийн хэрэгслээр  522 зорчигч гарсан байсан. Тэдгээр хүмүүсийн хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлж, очих газарт нь оруулна. Яагаад гэвэл тушаал гарахад хөдөлгөөн эхэлсэн байсан учраас. 

  Үүнээс хойш аймаг орон нутаг, нийслэлээс гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Сая болсон хуралдаанаар шийдсэн асуудлыг танилцуулъяа. Монгол Улс, ОХУ-ын автозамын боомтуудаар ОХУ руу зорчих Монголын иргэд. ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын болон харьяалалгүй иргэдийн хөдөлгөөнийг  гуравдугаар сарын 11-29-ий өдөр хүртэл түр зогсооно. Нэг ёсондоо Монгол руу ирэхгүй бас Орос руу эндээс гарахгүй гэсэн үг. Энэ хугацаанд эх орондоо ирэхийг хүссэн Монголын иргэдийг, манайхаас ОХУ-аар дамжин гарах хүсэлтэй гадаадын иргэдийг тусгай журмаар улсын хилээр нэвтрүүлнэ. 

Монгол Улс болон ОХУ-ын төмөр замын ажилчдыг тусгай журмаар хилээр нэвтрүүлнэ. Ачаа тээвэр явна. Зорчигч тээврийн галт тэрэг явахгүй.  Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргийг гуравдугаар сарын 28 хүртэл түр зогсоолоо. Үүнтэй холбогдуулаад гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатараас хөдлөх Эрхүү чиглэлийн 306 дугаар галт тэргийг буцааж гаргахаар шийдвэрлэлээ. 

Монгол Улс болон Турк, Казахстан улсын хоорон дахь хоёр талын хуваарьт нислэгийг 3 сарын 13-ны өглөөний 06:30 цагаас 28-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэлээ" хэмээлээ.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин