Л.Мөнхтүшиг: БНСУ, Япон, Хятад, Иран, Итали улсаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлалтад заавал авна гэдгийг хэлмээр байна

ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт хийдэг хэвлэлийн хурлаа хийж, мэдээлэл өглөө. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг "УОК-ийн өчигдрийн хуралдаанаар Япон, Солонгос, Улаан-Үд, Эрхүү чиглэлийн бүх нислэгийг гуравдугаар сарын 28-ны өдрийн хүртэл сунгасан. Үүнтэй холбоотойгоор БНСУ, Япон улсад байгаа иргэд эх орон руугаа яаралтай буцмаар байна гэдэг хүсэлтээ  Элчин сайдын яам, Консулын газруудад өгөөд байна. Өнөөдрийн байдлаар БНСУ дахь Элчин сайдын яаманд 120 гаруй иргэн өргөдлөө өгсөн. Өргөдөл болгоныг УОК-т танилцуулна. 

МИАТ болон бусад иргэний агаарын тээврийн компаниудын өгсөн мэдээллээр 3000 гаруй зорчигч гуравдугаар сарын сүүлч хүртэл зорчих тасалбараа бичүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар БНСУ, Япон, Хятад, Иран, Итали гэсэн таван оронд зорчсон гадаадын бүхий л иргэдийг Монгол Улсад нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг мөрдөж байгаа. Эдгээр 5 улсаас ирсэн ирэхэд нь 14 хоног тусгаарлалтад заавал авна гэдгийг хэлмээр байна" хэмээлээ. Гадаадад байгаа иргэдийг ирсний дараа тусгаарлах байрын асуудал маш хүнд байгаа. Өмнө нь ирсэн иргэд тусгаарлах байранд янз бүрийн зохисгүй үйлдэл гаргаж байгаагаас гадна, зардал мөнгөө төлөхгүй гэсэн зөрчил өдөр тутам гарч байна. 

Солонгост байгаа иргэдийн хувьд эх орондоо ирэх боломж нь нээлттэй. Одоо Солонгосоос Москва, Берлинээр дамжаад эх орондоо ирэх боломж бий. Хоёрдугаарт, визийн хугацаа хэтэрсэн гэх асуудал бий. Энэ чиглэлээр бид ажиллаж, тодорхой үр дүн гарсан. Солонгос улс оюутнуудын визийг сунгах боломжтой гээд хоёр тал тохирчихсон. Нэгдүгээрт, Солонгост сурахаар болоод, визээ авсан ч явж амжаагүй оюутнууд байгаа. Эдгээр оюутнууд Монгол дахь Солонгосын Элчин сайдын яаманд хандах боломжтой.  Солонгосын талтай ярьж тохирсон. 

Амралтаараа ирчихээд буцаж чадахгүй байгаа оюутнуудын хувьд сургуульдаа хэлээд, сургууль нь цаашаа холбогдох байгууллагуудтай ярьж, визийн хугацааг сунгах боломжтой байгаа. Тиймээс оюутнуудын хувьд сандрах, тэвдэх зүйлгүй.  Гэрээт ажилчдын хувьд ч гэсэн визийг нь сунгах боломжтой. Хамгийн хүндрэлтэй нь 90 хүртэлх хоногийн визээр очсон иргэдийн асуудал.  Энэ асуудлаар бид Солонгосын талтай хэлэлцээр хийгээд явж байна. Гуравдугаар сарын 28-ны өдөр хүртэл нислэгийг цуцалсан. Тиймээс цаашид яригдах асуудлыг ч шийдэхээр ажиллаж байна.  Бүхий л төрлийн өргөдлийг бид шийдэхээр ажиллаж байгаа.

Өнөөдөр Солонгосоос гадна Европын орнуудад байгаа иргэдэд нөхцөл байдал хүндэрч эхэлсэн. Тэнд байгаа иргэд Европын чиглэлийн, Москвагийн чиглэлийн онгоцоор ирэх боломжтой. Гэхдээ ирэхэд нь 14 хоног тусгаарлалтад заавал авна гэдгийг хэлмээр байна" хэмээлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин