АН-ын дарга С.Эрдэнэ: Б.Хурц гэдэг хүнийг аль ч шатны сонгуульд өрсөлдүүлэхээр яриагүй

      Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яам, агентлагийн ажилтнуудын цалинг үндэслэлгүйгээр нэмсэн гэх асуудлыг УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

Тэрбээр:

-"Төрийн албан хаагчдыг ялгаварласан шийдвэрийг Засгийн газар гаргасан. Хоёрдугаар сарын 19-нд ЗГХЭГ болон яам, агентлагийн захиргааны ажилтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. Төсвийн орлого хүнд байхад төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмэх шийдвэр гаргасныг АН эсэргүүцэж байна. Эрх баригчид жирийн төрийн албан хаагчдаа ялгаварлалаа. Тиймээс энэ шийдвэрийг цуцлахыг шаардаж байна гэв.

Сөрөг хүчний удирдагч цааш нь хэлэхдээ:

 -Хууль шүүхийн байгууллагыг зэвсэг болгож ашигладаг нь гэм биш зан болжээ. Тиймээс дараахь мэдэгдлийг гаргасан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Шалгуулах хүмүүсээ олж ирээрэй” гэж байна лээ. Хууль шүүхийн хийх ажлыг манай нам хийхгүй. Ийм хариуцлагагүй мэдээлэл хийдэг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргыг харлаа.

Б.Хурцыг нэр дэвшихээр манай намд 100 сая төгрөг өгсөн гэж Л.Оюун-Эрдэнэ мэдээлсэн. Манай намын дотоод асуудлыг Л.Оюун-Эрдэнэ яагаад мэддэг юм бэ. Тагнуулын байгууллагаараа тагнуулсан юм уу. Түүний ярьсан хүмүүсийн хэн нь ч манай намд мөнгө өгөөгүй.

Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг өгөөгүй. Хоёрдугаарт Б.Хурц гэдэг хүнийг аль ч шатны сонгуульд өрсөлдүүлэхээр яриагүй. Тиймээс Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагаар шалгуулна” гэсэн юм.

Түүнчлэн хуулийн байгууллагаас өөрийг нь яллагдагчаар татсан эсэхийг тодруулахад:

-“Сонгууль дөхөхөөр хэн нэгнийг харлуулах мэдээлэл олон гардаг. Би хариуцлагатайгаар мэдэгдье. Өнөөдрийн байдлаар аль нэг хуулийн байгууллага намайг дуудаж, шалгаж, яллагдагчаар татсан асуудал байхгүй. Би төрийг хохиролд учруулсан ямар ч гэмт хэрэг хийгээгүй гэдгээ мэдэгдье. Ийм худал мэдээлэл гаргахаа болимоор байна. Өмнө нь хоёр ч удаа намайг яллагдагчаар татагдахаар яригдаж байна гэсэн мэдээлэл гарч байсан. Хоёулаа худал гэдэг нь нотлогдож байсан” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин