Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүллээ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрийн түшиг, гэрийн чимэг,
Эрхэмсэг гоо Монгол ээжүүд, бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхний дээдийг хүсье.
Улсын хөгжил хүнээсээ гэдэг. Ирээдүй хойч үеэ эрүүл саруул, эрдэм боловсролтой, өв соёлоо дээдэлсэн Монгол хүн болгон төлөвшүүлэхэд ээжүүд та бүгдийн хувь нэмэр зүйрлэшгүй үнэ цэнэтэй билээ. Энэ ч утгаараа Монголын сайхан эмэгтэйчүүд, ээжүүд та бүхэн улс эх орны тусгаар тогтнолын дархлаа юм.
Эмэгтэй хүн ойлгогдох гэж биш хайрлагдах гэж, зовох гэж биш жаргах гэж төрсөн хүмүүс.
Эмэгтэй хүн хатуу бүхнийг аргадан зөөллөж, сүүн цагаан сэтгэлээр бусдын төлөө зүтгэдгийг энэ цаг үе дахин нотолж, харуулж байна.
Дэлхий нийтээр тархаад буй шинэ коронавирусийн халдвар заналхийлж буй хүнд үед иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах үйл хэрэгт манай бүсгүйчүүд цаг наргүй зүтгэж байна. Хатан зоригт та бүхний хичээл зүтгэлд Монгол улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа тусгайлан гүн талархал илэрхийлье.
Энэ ертөнцийн амар амгалан, аз жаргал, баяр хөөрийг авчирдаг орчлонгийн сайхан ээжүүддээ, охид бүсгүйчүүддээ өргөө гэрт нь инээд баясал цалгиж, өрх бүлээрээ дүүрэн жаргалтай байхын ерөөл өргөе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ