Б.Жонсон Карибын тэнгист амарснаа шалгуулах болж байна

   Их Британийн парламентын ёс зүйн комиссынхон Ерөнхий сайд Борис Жонсоны Карибын тэнгисийн “Саятны арал"-д  шинэ жилээр амарсан санхүүжилт мөнгөний эх үүсгэврийг шалгах гэж байгаа тухай “Гардиан” сонинд мэдээлжээ. 

Уг сонинд бичсэнээр, энэхүү шийдвэрийг тус комиссын гишүүн Кэтрин Стоун гаргасан байна. Тэр  Гренадины олтригт багтдаг хувийн Мюстик аралд засгийн газрын тэргүүн болон түүний найз бүсгүй Кэрри Саймондс нар 2019 оны арванхоёрдугаар сарын 26-наас 2020 оны нэгдүгээр сарын 5-нд амарсан мөнгийг чухамхүү хэн төлснийг тогтоохыг шаардсан сөрөг Лейборист намын хүсэлтэд ийм хариу өгчээ.

Аралд байх хугацааны 15 мянган стерлингийн фунтийг (20 мянга орчим ам.доллар) эрх баригч Консерватив намыг ивээн тэтгэгч Дэвид Росс төлсөн хэмээн Жонсон өөрөө мэдэгдсэн байна. Гэвч  Дэвид Росс  үүнийг няцаагаад,  британийн ерөнхий сайд болон түүний бүсгүйн амралтын мөнгийг би төлөөгүй, харин тэдний тэнд амрах ажлыг л зохион байгуулахад тусласан  юм хэмээн мэдэгджээ.

Хэрвээ  зөрчил гаргасан баримт тогтоогдвол Стоун ерөнхий сайдын талаар арга хэмжээ авахыг зөвлөж болох юм. Гэхдээ ямар арга хэмжээ авч болох тухай тодруулаагүй байна.

Дашрамд дуулгахад Мюстик аралд хамгийн дээд зиндааны баян жуулчдад дагнан үйлчилдэг аж.

Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон өөрийн найз бүсгүй Кэрри Саймондстай гэрлэх гэж байгаа нь гуравдугаар сарын 1-нд тодорхой болсон билээ.  Тэдний хүүхэд зуны эхэн сард төрөх юм.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ