Хандивын мөнгө “шимэгчидийн” оймсонд бүү орчихоосой


Монгол Улсад "COVID-19" халдвар гарахаас сэргийлэхэд нэгдэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандивыг цуглуулах ОБЕГ-ын хандивын дансанд өнгөрсөн сарын 27-ноос хойш 834 сая төгрөг цуглажээ.

ОБЕГ-аас нээсэн Төрийн банканд байрлах 1000900031405 дугаарын хандивын дансанд нийт 187 иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас дээрх мөнгийг хандивласан байна.

Мөн иргэн, аж ахуйн нэгжүүд 10 нэр төрлийн 135 сая төгрөгийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүн хандивлажээ. Тухайлбал, ЭХЯ, түүний харьяа байгууллагууд 315 сая, Хаан банк 100 сая, Хас банк 60 сая, Баян Айраг Эксплорэйшн компани 40 сая, МУБИС-ийн ажилтан албан хаагчид нэг өдрийн цалин болох 35 сая, Лекс Ойл компани 10 сая, "108 Ойл" компани 10 сая төгрөг хандивлаад байна.

“Ачит Ихт” ХХК 100 сая төгрөгийг Улсын Онцгой комисст, Орхон аймгийн Онцгой комиссын дарга Д.Батлутад коронавирусээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг авахад зориулж, 10 сая төгрөг хандивласан.

Мөн Алтанбулаг чөлөөт бүсийн ажилтан албан хаагчид 1,2 сая, Замын-Үүд чөлөөт бүсийн ажилтан албан хаагчид 946 мянга, Монгол Улсын Шадар сайдын Ажлын албаны ажилчид 370 мянга төгрөг, Хэнтий аймгийн Норовлин сум, Увс аймгийн Малчин сумын иргэд малчид, нутгийн зөвлөлөөс тус тус 300, нийт 600 толгой хонь хандивлалаа.

84 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын цалин гэх мэт иргэд маань эрвийх дэрвийхээрээ аюулт өвчнийг даван туулахад зориулж сэтгэл зүрхнийхээ хандивуудыг өргөсөөр байна.


Дэлхий нийтэд ч хандивлах аянууд хүрээгээ тэлж Солонгосын урлаг соёлын оддууд асар их хэмжээний мөнгийг улсдаа хандивлаж эхэллээ. Дуучид, жүжигчид, хөвгүүд, охидын хамтлагийнхан дээд тал нь 300 сая воны хандив өргөцгөөжээ.


 “Оскар”-ын шагнал авсан “Шимэгч”  киногоороо алдаршаад буй уран сайхны киноны найруулагч Бон Жун Хо тэргүүтэй алдартнууд “COVID-19” халдварын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулахаар нэгдэж, хандив өргөсөн байна.


Солонгосчууд улс орныхоо хүнд үед туслахдаа сайн ард түмэн. 1999 оны эдийн засгийн хямралын үед гэхэд өөрсдийн эдэлж хэрэглэж байсан алтан эдлэлээ улсдаа тушаахаар дараалал үүсгэн зогсож байсан. Түүний хүчинд тэд эх орноо эдийн засгийн хүндрэлээс аварч чадсан юм.


Манайхан ч чадлынхаа чинээгээр хандив өргөж байгаа ч үүний зарцуулалтад анхаарах хэрэгтэй юм.


Малчид, орон нутггийнхнаас хандивласан 800 толгой хонийг хэрхэн тээвэрлэх, түүнийг тусгаарлагдсан иргэдийн хүнсэнд зарцуулах эсэхийг судалж, шийдвэр гаргахыг ОБЕГ-ын удирдлагад Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин үүрэг болгосон. Мөн дансанд төвлөрсөн бэлэн мөнгөний зарцуулалтыг хэрэгцээт бараа материал худалдан авах зэрэгт зарцуулна гэлээ.

Улсын Онцгой комиссоос албан ёсны хандивын дансыг нээж, хүлээн авагч ОБЕГ н.с нэрээр ТӨРИЙН САНГИЙН 100900031405 ТООТ дансанд хандивыг хүлээн авахаар боллоо.


Хандивын мөнгөний зарцуулалтад хяналт тавьж, ард түмэнд тайлагнахаас гадна хандивын мөнгийг халаасны цоорхойгоор битгий урсгачихаарай билээ гэж бодном.


Өчигдөр хандивын мөнгөнөөс Улсын төв эмнэлэгт зүрхний 2 аппарат авч өгсөн гэдгийг зарласан.


адил хандивын мөнгөөр эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж эсвэл томоохон хэмжээний асуудал шийдэхүйц зүйл хийхийг төр засгийн удирдлагууд маань мэдэж байгаасай.


Гэхдээ тоног төхөөрөмж авлаа гэхэд шахааны, хэт өндөр үнэтэй, дунд нь нөхдүүд өөрсдийн “ашгаа” нэмчихсэн эд байвал бас л харамсалтай.


Тэгэхгүй бол хандивын мөнгийг  жижиг сажиг зүйлд гарын салаагаар урсгаад, улсын төсөв шиг шимэгчид, ЖДҮ-чидийн оймсонд бүү орчихоосой. 

Д.Сайхан                                                   

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин