Ч.Хүрэлбаатар:Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд түрээсийн орлогын татварыг чөлөөлнө

Засгийн газар ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдаанаараа өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор эдийн засгийг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээг хэлэлцжээ. Тодруулбал, ‪Сангийн сайд Ч. Хүрэлбаатар эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийхээр төлөвлөж байгаагаа танилцуулан хэлэлцүүлсэн байна. Тэрээр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа. Тэрээр "Засгийн газар есөн заалт бүхий тогтоол баталлаа. Газрын тос, нүүрс экспортлох үйл ажиллагаанд эрүүл ахуй, хорио цээрийн шаардлага тавьж үргэлжлүүлэхээр боллоо. Жолооч нь хамгааллын хувцас хэрэглэлтэй, машин нь ариутгал халдваргүйжүүлэлт хийгдсэн байх юм. Мөн хилээр гараад тухайн өдөртөө багтаж буцаж орж ирэх гэх мэт шаардлагуудыг тавихаар болсон.

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй тохиолдолд оногддог алданги, торгуулийг авахгүй. Үүнийг зохицуулсан хуулийн өөрчлөлтийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлнэ. Мөн өнөдөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор татвараа төлж чадаагүй бол торгууль, алданги тооцохгүй. Нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Түүнчлэн өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд түрээсийн төлбөрөө бууруулсан зах, худалдаа, үйлчилгээний төвүүдийн түрээсийн орлогод ногдуулсан татварыг нэг удаа чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар боллоо. Энэ нь зөвхөн түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжүүдэд л хамааралтай.

Төсвийн хөрөнгөөр ажил, үйлчилгээ гүйцэтгээд санхүүжилтээ аваагүй бол түүнийгээ татвартаа тооцуулах боломжийг аж ахуйн нэгжүүдэд бүрдүүлж өгнө. Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийг тодотгох ёстой гэсэн байр суурьтай хүмүүс бий. Харин бид төсвийг тодотгохгүй гэсэн байр сууриндаа байгаа. Харин урсгал зардлуудыг ач холбогдлоор нь эрэмбэлж санхүүжүүлэх, хөрөнгө оруулалтын төслүүдээ төлөвлөснийхөө дагуу үргэлжлүүлэх чиглэлийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгч байгаа" гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин