Зээлийн эргэн төлөлтийг царцаахгүй бол жагсана
Монголын зээлдэгчдийн холбооноос банк, санхүүгийн байгууллагын зээлийн эргэн төлөлт, хүүг царцааж зогсоох асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлэн Төрийн ордны гадна цуглажээ.
Ерөнхийлөгчийн тамгын газраас нааштай хариу ирүүлсэн нь энэ асуудлыг шийдүүлэхээр Засгийн газарт хүргүүлсэн нь өнөөдөр хэлэлцэгдэж байгаа аж
Холбооны тэргүүн н.Бүүвэйбаатар “Давагдашгүй хүчин зүйл коронавирусийн эрсдлээс үүдэж зээлдэгч, ЖДҮ-лэгчид хохирч байна. Сургууль цэцэрлэгийн цайны газраас авахуулаад түрээсийн бүхий л байгууллагууд хэцүү байдалд орлоо. Засгийн газраас коронавирусийн эсрэг авч байгаа арга хэмжээг эсэргүүцээгүй харин ч дэмжиж байна. Гэхдээ зээлдэгчдийн түрээсийн төлбөрийг чөлөөлөхийг шаардаж байгаа юм.
Үндсэн хууль, Засгийн газар төрийн байгууллагууд давагдашгүй хүчин зүйлийн үед арга хэмжээ авах ёстой гэж заасан байдаг. Хоёрдугаар сарын 19-нөөс хойш арван хоног уг шаардлагыг хүргүүлж байна. Урд хил дээр бизнес хийдэг, нүүрс зөөдөг, лангуу түрээслэгчид гээд бүгд хүнд байдалд орлоо. Зээл төлөх боломжгүй болоход хамтран зээлдэгчийн данснаас мөнгө татаж эхэллээ. Засгийн газар яг энэ асуудлаар одоо хэлэлцэж байна. Бүх зээлийн хүүг царцаах ёстой. Арилжааны банкуудад зээлийн эрсдлийн сан гэж бий. Үүнийгээ одоо л ашиглах ёстой ч заавал ЗГ, төрийн шийдвэрийг харах болоод байна. Тиймээс цаашид арилжааны банкуудын системийг ч өөрчлөх хэрэгтэй байна" гэлээ.
Дээрх иргэд шаардлагын хариуг өгөхгүй бол автомашинтай жагсагчид гуравдугаар сарын 5-нд жагсаал зохион байгуулна гэлээ. Монголбанкнаас зээлийн алданги нь зээлдэгч болон банк хоорондын асуудал учир шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг хэлжээ. Харин тэдний хэлж буйгаар Ерөнхийлөгчийн тамгын газраас нааштай хариу ирүүлсэн нь энэ асуудлыг шийдүүлэхээр Засгийн газарт хүргүүлсэн нь өнөөдөр хэлэлцэгдэж байгаа аж. Мөн Монголбанкинд энэ асуудлыг шийдвэрлэх чиглэл өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ