ГХЯ: Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга, Ерөнхий сайд нартай уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлалын талаар Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдээлэл гаргалаа.
Уг мэдээлэлдээ "Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2020 оны хоёрдугаар сарын 27-нд БНХАУ-д айлчилна. Айлчлалын хүрээнд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөж байна. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм" гэжээ.
Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилна. Коронавирусийн халдварын голомтот улс руу зорчиж байгаа тул Төрийн тэргүүн болон дагалдан явах багийнхан ирсэн даруйдаа ном журмын дагуу тусгаарлагдана. Улсын онцгой комиссын шийдвэрийг мөрдөж ажиллана хэмээн Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн.
Энэ талаар УОК-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхийлөгч өнөөдөр үдээс хойш БНХАУ-д очоод өдөртөө буцаад ирнэ. УОК-ын даргаас зөвшөөрөл авах ёстой. Тэр зөвшөөрлийг сая /2020.02.27-ны 12.00 цагийн орчимд/ өгч, гарын үсэг зурлаа. Арав гаруй хүн Ерөнхийлөгчийг дагалдан явах юм байна. Ирсний дараа халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журам Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнд үйлчилнэ. Оношилгоо, шинжилгээнд оруулж, 14 хоног тусгаарлана.
-Хөл хорио тогтоогоод байхад Ерөнхийлөгч яагаад урд хөрш рүү явах болов. Айлчлалаар ямар асуудал хэлэлцэх талаар Танд мэдээлэл байна уу?
-Тэр талаар тодорхой мэдээлэлгүй байна. Энэ асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, Ерөнхийлөгч энэ айлчлал хийх шийдвэр гарсан байна гэв.
Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцахаар төлөвлөжээ. Энэ удаагийн айлчлал амжилттай болсноор Монгол Улс, БНХАУ-ын дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалж, итгэлцлийг бэхжүүлэх, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бататгахад чухал түлхэц болох юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ