Дэлхийн гуравдугаар дайн санаандгүй газарт эхлэж мэднэ
Энэтхэг, Пакистаны хооронд цөмийн мөргөлдөөн гарч мэдэх бөгөөд энэ үеэр долоо хоногт 125 сая хүн амь үрэгдэнэ гэж цэргийн шинжээчид үзэж байна. Энэ нь дэлхийн хоёрдугаар дайны үед амь үрэгдэгсдээс олон юм.
Америкийн шинжээчдийн дүгнэснээр, бүр өнөөдөр Энэтхэг, Пакистан хоёр цөмийн цэнэгт хушуу бүхий тус бүр 150 пуужинтай, харин 2025 он гэхэд 200-гаас давах ажээ.
Хэрвээ энэ зэвсгийг хэрэглэвэл, дэлхий нийт сөрөг үр дагаврыг нь амсана. Дэлхийд цөмийн дайн эхлэж, Мөсдөлтийн үеэс хойш байгаагүй тийм хүйтэн болно гэж CU Boulder Today сэтгүүл сэрэмжлүүлж байна.
“Энэтхэг, Пакистаны дайнд амь үрэгдэх хүний тоо нь дэлхий дэх үхлийн түвшингээс 2 дахин давна. Энэ нь түүхэн дэх урьд өмнө байгаагүй дайн болно” гэж Колорадогийн их сургуулийн агаар мандал, сансрын физикийн лабораторийн профессор Брайан Тун үзэж байна.
Агаар мандалд цацагдах 80 тэрбум фунт өтгөн хар утаа нарны гэрлийг хааж, дэлхийн дундаж температур эрс буурна. Далайд намаг, хуурай газарт мод, өвс ургахаа болино. Энэ бүгд нь хүмүүсийн бие махбодид ч нөлөөлэх нь мэдээж.
Кашмир муж улс дахь сөргөлдөөнт байдал шийдэгдээгүйгээс болоод Энэтхэг, Пакистаны харилцаа түгшүүртэй хэвээр байгаа юм. Хоёр орны хоорондын сөргөлдөөн тэртээ 1947 онд эхлэснийг хэвлэлд дурдаж байна.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ